Бид “айдийл” буюу идеалный гэсэн хүндээ татагддаг
Хүн бүрт өөрийн төгс хостойгоо хаана ч юм зурвас учирсан мэт сэтгэгдэл төрч байсан болов уу? Урьд өмнө огт уулзаж байгаагүй мөртлөө анхны харц тулгарахад л хаа нэгтээ (магадгүй өмнөх төөрөг, тавиландаа) учирч байсан ч юм шиг санагдах тэр мэдрэмжийг мэдэрсэн хүнд энэ нийтлэл таалагдах байх.
Их сургуулийн нэгдүгээр курсийнхээ хавар сэтгэл судлалын үндэс хичээлийг судалж байхад багш “хүн бүрт эсрэг хүйстнээ хэмжих хэмжүүр бий. Бидний хэмжүүрт нийцсэн хүнд бид татагдаж, дурладаг” гэж хэлж байсан юм. Бид бүгдэд гадаад төрх, зан авираас авхуулаад нарийн биш ч гэсэн ирээдүйд гэрлэх хань минь иймэрхүү байгаасай гэсэн бодол байдаг даа. Гэхдээ би өв тэгшийн хэмжүүрт 100% яв цав нийцсэн хүнтэйгээ учирна гэдэгт итгэдэггүй л дээ. Хэн нэгнийг чин сэтгээлээсээ хайрлавал тэр хүнийхээ бүх муу, муухайг анзаарахгүй, үл ойшоодог шүү дээ. Ертөнц бидний хүслээр байддаггүй болохоор“зөрөөд харвасан од” аятай ийм л хүнд би дурлах юм байна даа гэсэн тохиодолтой учирж байснаа нуухгүй ээ. Тухайн үед би ийм л хүнд татагдаж дурлах юм байна гэж бодоод л өнгөрсөн. Хэрэв та Харүки Мурикамигийн “хаврын нэгэн сайхан өглөө 100 хувь төгс бүсгүйтэй тааралдсан тухай” богино өгүүллэгийн уншсан бол миний дүрслэн бичих гээд чадахгүй байгаа тэр мэдрэмж, хүслийг минь ойлгох болно. Хайр гэдэг хэн нэгний хувьд гашуун. Яагаад гэвэл өөрийн “идеалный” хүнээ өөрийн болгож чадаагүй учраас тэр юм. Гэхдээ тэрхэн богинохон учирлыг хайр гэхгүй. Харин зүгээр л би өөрийн хийсвэр байсан “цагаан морьт” залуугийн бодит зураглалыг мэдэж авсан төдий л зүйл. Ингэхэд яагаад эмэгтэйчүүд төгс залуугаа цагаан морьтой хархүүгээр зүйрлдэг вэ гэвэл зүгээр л багадаа үнсгэлжингийн түүхэнд уяардаг байснаас л тэр байх. Зүгээр л төгс залуу гэж байснаас гоёчилоод цагаан морьтой гээд сүр хүч нэмэх төдийхөн зүйл учраас хашилтаар авчихлаа. Уг нь би цагаан морьтой ханхүү мөрөөддөг ч охин байгаагүй.
Тэртээх хаврын яг энэ өдөр би зуун хувийн өөрийн “айдийл” залуутай тааралдлаа. Түүний зургийг хэн нэгэнд харуулбал царайлаг гэж лав хэлээгүй юм. Би эрэгтэй хүнээс хамгийн түрүүлж анзаарах зүйлээ уг нь нүдэнд дулаахан байдал гэж боддог байлаа. Гэтэл би хараачгүй байхдаа эхлээд түүний хоолойны өнгөнд татагдсан. Би итгэл төгс нэг зүйлийг уншигч танд хэлье би эрэгтэй хүний царайны сайхныг чухалчилдаггүй. Эрэгтэй хүн сармагчингаас бага зэргийн сайжирсан хувилбар байхад болно гэдэгт санал нэгддэг. Гэхдээ гадаад үзэмж хувцаслалт, биеийн хэлэмж гээд эдгээр зүйлс яалтчгүй чухал байдаг шүү дээ. Хүн бүрийн таашаал өөр, надад ч гэсэн өөрийн таашаал бий. Тухайлбал, Девид Бэгхэмийг сайхан залуу гэдэгт эмэгтэйчүүд санал нэгдэх байх. Гэхдээ миний араас яг тийм гадаад төрхтэй ч үзэмжиндээ таарсан хоолойны өнгөгүй бол би тэгтлээ татагдахгүй. Зуун хувь бидний сэтгэлд таалагдах хүн ямар байх вэ? гэж таниас хүн асуувал та тодорхой хэдэн зүйл хариулах байх. Харин ямар байх ёстой вэ гэвэл тодорхойлж хэлэхэд амаргүй.
100 хувь төгс залуу ямар байсан бэ? Гойд содон анхаарал татахаар лав биш. Тэр хэт өндөр ч биш бүүр намхан ч байгаагүй. Хувцлалтын хувьд ч цэвэрхэн, аятайхан байснаас гадна нүдэнд дулаахан төрхтэй байв. Тэрхэн агшинд дотор дулаан оргихыг мэдэрсэн. Тэгээд л гүйцээ.
Хэдий зохиолчийн эрхийг зөрчсөн хэрэгт унах эрсдэлтэй ч би Харүкигийн хамгийн шилдэг болсон өгүүллэгийг бүрэн хувилбараар нь орууллаа. Уран зохиол гэхээсээ илүү иймэрхүү аятайхан богино өгүүллэг түлхүү бичвэл Нобелийн шагналт зохиолч аль эрт болчихгүй юу гэж уншсаны дараа надад санагдсан.
Хаврын нэгэн сайхан өглөө 100 хувь төгс бүсгүйтэй тааралдсан тухай
Нэгэн удаа, дөрөвдүгээр сарын цэлмэг өглөө Харажукугийн нарийнхан гудамжинд би зуун хувийн бүсгүйтэйгээ тааралдлаа.
Түүнийг маш хөөрхөн гэхэд хэцүү, хувцаслалт нь ч гэсэн гойд юмгүй. Нойрноосоо гүйцэд сэрээгүй байгаа ч юм шиг, үс нь дагзан дээрээ өрвийчихсөн. Нас нь гуч дөхсөн болов уу. Гэхдээ би тавин метрийн зайнаас л энэ бол зуун хувь надад тохирох бүсгүй байна гэдгийг ойлгосон юм. Түүнийг хармагц зүрх байдгаараа дэлсэж, эгээ л цөлд яваа юм шиг ам хатаал явчихав.
Магадгүй танд шагай хавиараа нарийхан хөлтэй, том нүдтэй, ер бусын гоёмсог савхан хуруутай, тийм нэг бусдаас ялгарсан хүүхнүүд таалагддаг байж болно. Мэдээж надад ч мөн өөрийн гэсэн таашаал бий. Жишээлбэл, зоогийн газрын хажуугийн ширээнд сууж буй бүсгүйн хамар надад гэнэт таалагдах юм бол би гөлрөөд байж тун магадгүй. Зуун хувь сэтгэлд таарах бүсгүй яг ямар байх ёстой вэ гэдгийг мэдээж хэн ч тодорхойлж чадахгүй л дээ. Яг ямар харагдах ёстой вэ? Тэр өглөө миний өөдөөс айсуй явсан бүсгүйн хамрын талаар би юу ч хэлж чадахгүй. Ер нь хамартай байсан уу, үгүй юу, би. санахгүй байгаа юм чинь юугаа ярих вэ дээ. Одоо хэлж чадах цорын ганц зүйл гэвэл үзэсгэлэн гоо гэгдэхээр бүсгүй лав байгаагүй. Хачин юм шүү.
Дараа нь би хэн нэгэнд “Надад зуун хувь тохирох бүсгүйг гудамжинд харсан” хэмээн ярина.
- Тийм үү, хөөрхөн юм уу? гэж тэр асууна.
- Хөөрхөн ч гэхэд хаашаа юм…
- Аан, тэгвэл чамд таалагдахаар тийм бүсгүй байх нь?
- Би өөрөө ч мэдэхгүй байна. Үнэндээ би түүний тухай юу ч санахгүй байна.
- Ямар нүдтэй байсан, хөх нь том уу, жижиг үү? Би наад яриад байгааг чинь нэг л ойлгохгүй нээ.
Би өөрөө ч ойлгохгүй байгаа юм.
- Тэгээд чи яасан бэ? Яриа өдсөн үү? Араас нь дагасан уу? хэмээн би хариулна. Тэр баруун тийшээ, би зүүн тийшээ явсан. Үнэхээр ер бусын сайхан өглөө байв.
Түүнтэй ярилцах хэрэгтэй байсан юм. Ядахдаа хагас цаг хэртэй… Юу хийдгийг нь асууж, өөрийнхөө тухай ярих хэрэгтэй байсан юм.1981 оны дөрөвдүгээр сарын цэлмэг өглөө, Харажукугийн энэ гудамжинд биднийг учруулсан хувь тавилангийн тухай сануулах ёстой байсан юм. Хорвоо дэлхий дээр амар амгалан ноёлж, олон нууц энд нуугдан буй нь лавтай. Ярилцах зуураа бид хоол идэхээр хаа нэг тийш орж, Вуди Аллений кино үзэж, дараа нь зогсоо бааранд аяга коктейл уухын тулд зочид буудлаар шагайж болох л байсан. Бүгд жамаараа өрнөх юм бол, магадгүй, энэ өдрийг бид орон дотор төгсгөж болох байсан.
“Юу ч болж болох байсан” хэмээн санахаас зүрх догдолно.
Бидний хооронд ердөө 15 метр үлдэв. Хэрхэн яриа өдөх вэ? Юунаас эхлэх вэ?
- Сайн байна уу? Та надад хагас цаг зориулчихаж чадахгүй биз?
Тэнэг юм. Яг л даатгалын төлөөлөгч шиг. Яг шүү.
- Уучлаарай та энэ хавьд 24 цагаар ажилладаг угаалгын газар мэдэхгүй биз?
Бас л болохгүй байна. Надад угаах длтуур хувцастай гялгар тор алга байна шүү дээ. Эсвэл зүгээр бусад хүний адилаар шуудхан:
- Сайн уу? Чи надад 100 хувь тохирох бүсгүй байна гэдгийг хэлчихье гэчихдэг ч юм бил үү?
Үгүй дээ, тэр миний үгэнд итгэхгүй байх. За итгэлээ ч гэсэн ярилцахыг хүснэ гэж үү? “Би чамд 100 хувь тохирох байж магадгүй, харин чи бол надад үгүй” гэх ч юм бил үү. Тэгвэл яах вэ? Энэ нь миний хувьд эмзэг газраа өшиглүүлсэн дайны л юм болно. Одоо би 32 настай. Хөгширч явна шүү дээ.
Цэцгийн дэлгүүрийн хажууд бид зэрэгцэж ирэв. Үл мэдэгдэх дулаан оргихыг би арьсаараа мэдэрлээ. Нойтон замаас сарнай цэцгийн үнэр дэгдэнэ. Яагаад ч юм бэ, би нэг ч үг дуугарч чадахгүй нь. Тэр цагаан ноосон цамцтай агаад марк наагаагүй цагаан дугтуй баруун гартаа барьжээ. Захиа бичиж ээ дээ. Ийм нойрмог төрхтэй яваа нь шөнөжин сууж энэ захидлыг бичсэнийх биз. Энэ дугтуй дотор түүний бүх нууц хадгалагдаж яваа байх аа. Хэдэн алхам өнгөрөөд би эргэн харав. Гэвч тэр олны дунд үзэгдэхээ больсон байлаа.
Тэгэхэд түүнд юу хэлэх ёстой байснаа одоо бол би мэдэж байгаа л даа. Хэлэх үг минь хэдийгээр хэтэрхий урт болчихсон ч би түүнийг ойлгомжтой тодорхойхон ярьчихаж чадах байсан болов уу? Ер нь миний толгойд дандаа л гаргаж хэлэхэд хэцүү санаа бодлуул төрдөг юм. Юутай ч, би тэр түүхээ “эрт ээ урьдын цагт” гэж эхлээд “гунигтай түүх байгаа биз?” гэж дуусгах байлаа.
Эрт ээ урьдын цагт нэгэн хархуу, бас охин байжээ. Хархүү 18-тай, охин 16-тай. Хархүү байдаг л нэг аятайхан залуу, охин ч бас топ модел биш. Хаа сайгүй л тааралдаж болох, ердийн хүүхдүүд. Гагцхүү их л ганцаардмал жаалууд байв. Гэхдээ хэн хэн нь л энэ дэлхий хаа нэгтээ тэдэнд 100 хувь тохирох хүүхэн, залуу бий гэдгийг баттай мэддэг байлаа. Нэгэнтээ тэд гудамжинд гэнэт таарчээ.
Ямар гайхалтай хэрэг вэ? Би чамайг хэчнээн хайсан гээч. Чи бол миний хүсч, мөрөөдөж явсан зуун хувийн охин байна. Чи итгэхгүй дээ хэмээн хархүү хэлэв.
Чи ч гэсэн. Би чамайг яг л иймээр төсөөлж явсан. Би бүр өөрийгөө зүүдэлж байна уу гэж бодлоо.
Тэр хоёр цэцэрлэгийн дундах урт модон сандал дээр суун удтал, удтал хөөрөлджээ. Одоо тэд ахиад ганцаардахгүй. Энэ бол гайхамшигтай. Гэлээ ч тэдний сэтгэлд бяцхан, өчүүхэн жижиг хорхой төдийн эргэлзээ хөдөлж, “мөрөөдөл ийм амархан биелнэ гэдэг сайн хэрэг мөн үү?” хэмээн түгших ажээ. Яриа хэсэгхэн зуур тасалдаж, хархүү ийн хэлэв:
Алив хоёулаа бяцхан сорилт хийгээд үзчихье. Хэрэв бид үнэхээр л бие биедээ 100 хувь тохирох хайртай хос мөн бол цаг нь ирэхэд, хаа нэгтээ ахиад заавал учирч таарна. Үнэхээр “мөн” гэдгээ бид тэгэхэд ойлгох юм бол шууд л гэрэлцгээе. Тэгэх үү?
Тэгье гэж охин хариулав. Ингээд тэд салжээ.
Чин үнэндээ, иймэрхүү сорилт шалгуурыг бодож олох ямар ч шаардлага байсангүй. Учир нь тэд хэн хэндээ үнэхээр л бүрэн дүүрэн, 100 хувь дурласан байлаа. Харин хувь тавилан тэднээр тун хоржоонтой нааджээ. Өвөл нь тэд хоёул өвдөв. Тэр жил нийтийг хамарсан аймшигт томуу дэгдсэн юм. Амьдрал үхлийн хооронл өнгөрөөсөн хэдэн долоо хоногийн эцэст дурлагсад өнгөрснийг ор тас мартжээ. Сэхээ орж, нүдээ нээхэд нь тэдний толгой эгээ л Д.Х.Лауренсийн залуу насны хуудбар мэт хов хоосон болсон байв.
Гэлээ ч тэдэнд ухаан тэвчээрээ сорих цаг байсангүй. Хархүү, бүсгүй хоёр чармайн байж шинэ мэдлэг олж аван, өөрсдөдөө шинэ мэдрэмжийг бий болгож, ахиад л нийгмийн бүрэн үнэ цэнэтэй гишүүд болж чаджээ. Метроны нэг шугамаас нөгөөд шилжин сууж, захидал илгээмж явуулж сурчээ. Бүр 75 эсвэл 85 хувийн хайр дурлалууд ч учирсан байна. Цаг хугацаа санаанд багтамгүй хурднаар нисэн одов. Мөдхөн хархүү 32, харин бүсгүй 30 хүрнэ.
Ингээд дөрөвдүгээр сарын нэгэн цэлмэг сайхан өглөө, хархүү Харужукугээр баруунаас зүүн тийш, хаа нэгтээ аяга кофе олж уухаар алхаж явав. Бүсгүй яг тэр гудамжаар, зүүнээс баруун тийш, захидал дээр наах шуудангийн марк авахаар явж байлаа. Тэд яг гудамжны голд тааралдаж, агшин төдийд хоёр зүрхнээ гээгдсэн дурсамжийн бүдэгхэн оч гялсхийжээ.
“Өө энэ чинь миний 100 хувийн бүсгүй байна шүү дээ”
“Тэр 100 хувь миний залуу байна шүү дээ”. Ассан оч гэвч хэтэрхий сул , тэдний санаа бодол 14 жилийн өмнөх шигээ тийм цэвэр, саруул биш болсон байв. Тэд хэн хэндээ нэг ч үг хэлэлгүй, хоёр тийш салан одож, үй түмэн хүний үерт ууслаа. Үүрд.
“Гунигтай түүх байгаа биз”? Түүнд үүнийг л хэлэх байсан юм даа.
Уйтгартай түүх уншуулж, сэтгэлийг тань эмзэглүүлж эсвэл цагийг тань үрсэн бол уучлаарай. Энэ бол миний хувийн орон зай, сэтгэлээс минь гарсан тэмдэглэл юм. Сэтгэлийн тэмдэглэлийг минь сонирхсонд баярлалаа.