Жокертой болзсон өдөр

Өнөөдөр анх удаа кино үзэхээр ирсэн найзууд, хосуудын дэргэд ганцаар сууж байгаад муу дүрийн баатар хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх Жокер киног үзлээ. Кино театрт ганцаараа кино үздэг, үзэж байсан хүн ховор байх. Гэхдээ хожим төгсөх курсийнхээ намар энэ киног ганцаараа явж үзсэн шүү дээ гэж дурсах л байх.
Жокер кино нээлтээ хийгээд нэлээд удсан тулдаа үзэгч бага байсан ч яг хажууд нялуурах хос үнэхээр ядаргаатай байсныг тэмдэглэлдээ дурдчихья. Хожим бичсэнээ эргэж уншвал өөрөө ч гэсэн санах үүднээс бас уншиж буй хүмүүст ч хандан хэлэхэд кино театрт зөвхөн киногоо л үзнэ үү! Та хэдийн нялуурах хувийн орчин биш шүү дээ.
Энэ киноны тухай кино шүүмжлэгчид шиг айхтар уншиж судлаагүй болохоор өөрт төрсөн сэтгэгдлээ би өөрийн тэмдэглэлдээ үлдээж байгааг ойлгоорой. Энэ бол зөвхөн миний хувийн дүгнэлт, үнэлэмж болно. Гол дүрийн жүжигчний дүрдээ зуун хувь орж, дүрээ маш сайн илэрхийлсэн нь үзэгч миний сэтгэлд хамгийн түрүүнд хүрсэн. Хэнд ч тохиолдох боломжтой оюун санааны болоод сэтгэлийн адармаатай, хурц үеийг гайхалтай илэрхийлж, хүн анхнаасаа муу, хорон байдаггүй гэдгийг харуулсан учраас энэхүү кино хит болж, шүүмжлэгчдээс эерэг үнэлгээг авсан байх.
Адил зовлонг туулсан хүн бусдын зовлонг ойлгодог. Магадгүй зарим хүн мухар ухаан эсвэл шашны гэх буруу үзлээс болоод хавдартай хүн өмнөх насныхаа үйлийн үрийг эдэлж байгаа гэж ярьдаг байх. Гэхдээ өнөө цагт дэлхий дахинд үхлийн томоохон шалтгааны хоёрт хор хавдар орж байгаа, өвчин хэнийг ч алагчлахгүй хийсээд ирж болно гэж бодох учиртай. Үүнтэй адил бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, надад ч мөн ийм зүйл тохиолдвол, тохиолдох боломжтой буюу Sympathy гэх ойлголт энэ киноны утга учир байсан.
Гол дүрийн Жокер шиг тартагтаа тулж, доройтоогүй ч сэтгэлийн хямралыг анх удаа мэдрэхдээ би хоолноос гарч, өмнө дуртай байсан бүх зүйлсээ орхиж байсан. Тухайн үедээ би Жокертэй адил өөрийн дотоод сэтгэлтэйгээ тэмцэлдсэн болохоор сэтгэлийн хямрал, зөрчилд байдал ямар байдгийг сайн мэднэ. Тийм учраас миний сэтгэл энэ киног үзээд хөдөлсөн байх. Кино чанартай болоход нөлөөлдөг чухал тулгуурын эхэнд жүжигчний ур чадвар гэж би хувьдаа дүгнэдэг. Хоёрт кино зохиол, зураг авалтын хийц, эвлүүлэг орно. Кино зохиол сайн байсан ч тухайн дүрийг амилуулах жүжигчин нь тааруу тоглосон байвал үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшихгүй. Соло баатрын тухай өгүүлэх энэ удаагийн дүр Хийт Леджърийн бүтээсэн Жокертэй харьцуулбал бие сэтгэлтэйгээ тэмцэлдэн, өөрийгөө олоогүй байгаа өсвөр насны тогтворгүй үеэ туулж яваа бодгальтай адил байлаа.
Хэдий Готамын нийгэм Жокерийг муу талын баатар болгосон санагдах ч тухайн нийгэмд болж бүтэхгүй зүйл, ядуурал их байсан ч бид хүн чанараа гээлгүй, бусдыг ойлговол муу бүхэн төрөн гарахгүй байсан гэлтэй. Жокерт өөрийг нь ойлгож, ганц удаа тэврээд сэтгэлийн үгийг нь сонсоод тайтгаруулах хүн байсан бол бүх зүйл өөрөөр эргэх байсан нь даамжиггүй. Жокер бол хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй байгаагүй харин төгсөшгүй ганцаардал, бусдаас тусгаарлагдсан байдал нь түүнийг галзуу мэт болгожээ гэж надад санагдсан. Хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулдаг бүтээлд би сайн гэсэн үнэлгээ өгдөг. Жокер бол яалт ч үгүй сайн киноны жагсаалтад багтана.
Эцэст нь хэлэхэд ямар ч хүн адгын муухай, ариун гэгээн болох боломжтой ч амьддаа бие биенээ алагчлахгүй хайрлах нь ч бас хаашаа юм зүгээр л ойлговол энэ хорвоо сайн сайхнаар дүүрнэ гэдгийг сануулсан кино болжээ.