Кино урлагийн яруу найраг “The scent of green papaya”
Яруу найргийг хүн сонсож, уншихаас гадна мэлмийгээрээ ч үзэж болно гэвэл та итгэх үү? Вьетнам-Франц ард түмний хамтран 1993 онд бүтээсэн “Ногоон папаяагийн үнэр” киног үзсэний дараа яруу найраг “үзчихэв үү дээ” гэх бодол танд ч мөн төрөх байх. Энэ киног би эхнээс нь дуустал гурван удаа үзсэн ч үзэх бүрд урьд өмнө олж хараагүй зүйлс гарч ирээд байдаг нь гайхалтай. Киноны нэрний утга агуулгын тайллыг би нийтлэлийнхээ төгсгөлд дурдах болно. Юуны өмнө киноны тухай мөн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцъя.

Вьетнам-Франц гаралтай Тран Ан Хан найруулагчийн анхны уран бүтээл болох “Ногоон папаяагийн үнэр” кино 1993 оны Канны кино наадмаас алтан камер (camer d’or)-ийн шагналыг хүртжээ. Алтан камер шагналыг анхны бүрэн хэмжээний уран сайхны кино найруулсан залуу, авьяастай найруулагчийг дэмжих зорилгоор 1978 оноос Канны кино наадмын шагналын төрөлд оруулсан байна. Энэхүү киноны амжилт үүгээр дуусаагүй юм. Гарсан жилдээ Цезарийн шагналаас “шилдэг кино” шагнал хүртэж, Оскарын шагналд шилдэг гадаад хэл дээрх киногоор нэр дэвшжээ.

Колоны дараах үеийн Вьетнамчуудын аж амьдрал, гудамж, хорооллын дүр зураг энэхүү кинонд их гардаг ч зураг авалтыг Францын нэгэн кино студид авснаараа онцлогтой. Тран Ан Хан найруулагч эхэндээ төрөлх Вьетнам улсдаа зураг авалтаа хийхээр зорьж байсан ч 50,60-аад оны үеийн Вьетнам улсын аж байдлыг дүрслэн гаргах барилга байшин нэг ч байгаагүйгээс студийн орчинд зураг авалтаа хийжээ. Гэхдээ киноны үйл явдал ихэнхдээ дотор орчинд өрнөдөг учраас студийн орчинд зураг авсныг баргийн үзэгч анзаарч харахгүй мэт санагдсан.
Киноны үйл явдал 1950 оны үеийн Вьетнамын дундаж амьдралтай, бөс бараа худалдаалдаг айлд 10 настай Муй охин үйлчлэгчээр ирж буйгаар эхэлнэ. Гэрийн эзэн түүний ээж, эхнэр бас тэдний гурван хүү дээр нэмээд хоёр үйлчлэгчийг тооцвол нэг байшинд наймуулаа амьдрана. Худалдаачных ам бүл олуулаа ч гэр бүлийн халуун дотно уур амьсгалгүй, хос хоёр бие биетэйгээ хөндий харьцаатай байдгаас аз жаргалгүй аж төрнө. Тэднийх долоон жилийн өмнө То нэртэй бага охиноо алдсан нь энэ айл өрхийн амьдралыг улам дүнсгэр, аз жаргалгүй болгожээ. Гэрийн эзэн гэр бүлээс гадуурх амьдралтай учраас байсхийгээд л хамаг мөнгөө хамж аваад буцаж ирэх эсэх нь мэдэгдэхгүй алга болдог зантай. Улаан зоосгүй хаяж яваад гурван долоо хонож байхад нь охиных нь бие өвдөж, эмч дуудаж чадаагүйгээс өвчнөөр өнгөрснийг мэдээд охиныхоо үхэлд өөрийгөө буруутгасан гэрийн эзэн өдрийг өрөөнөөсөө гаралгүй хөгжим дарж өнгөрүүлнэ. Харин энэ айлыг нуруун дээрээ үүрдэг нь хөөрхий гэрийн эзэгтэй. “Нөхрөө жаргааж чадаагүйгээс ийм юм болсон” хэмээн хадам эх нь зэмлэхэд юу ч хэлэлгүй мэгших зовлонт эмэгтэй. . Зовсон ч үр хүүхдээ бодоод салж чадахгүй, өөрөөс нь холдсон сэтгэлийг эргүүлж ч чадахгүй учраас амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэх мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл гэлтэй. Нөхөр нь урьдынх шигээ алга болоод байхгүй ч гэртээ байсан байгаагүй ямар ч ялгаагүй санагдахад бага хүү нь аавынхаа эзгүй хойгуур “аав хэзээ ирэх вэ? санаад байна” хэмээн асуух нь муу ч гэсэн эцэг хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэр бүлд хэрэгтэй мэт. Бага хүү нь ээжийнхээ сэтгэлийг уймруулж орхисноо ч мэдэхгүй дэндүү балчир байхад дунд хүү нь юмны учир начрыг ухаарч ойлгох насан дээрээ учраас ээжийгээ өрөвдөж, дотроо шаналсан ч тэрийгээ нууна.

Энэ айлд сэтгэлдээ гуниггүй, энгийн зүйлээс ч баяр баяслыг мэдэрч чаддаг нь Муй охин юм. Папаяагийн үрийг хуруугаараа сониучирхан тэмтэрч үзээд инээмсэглэдэг үзэгдэл дээр папаяа үнэртэж үзэхийг, үрийг нь заавал барьж үзнэ гэсэн хүсэл энэ киног үзэх бүрд төрнө. Киноны эхний 60 минут зарим хүнд уйтгартай санагдаж болох ч энэ киноны үзэгдэл бүр гүнзгий утга агуулгатай.. Нэгэн байшинд өрнөх үйл явдлын хүүрнэлээр бид анхны хайрыг, сэтгэлийн дотоод зөрчлийг, зовлон жаргалыг мэдрэх болохоор сайн ойлгож үзэх хэрэгтэй юм. Муйгийн амьдрал папаяагийн хувьслыг санагдуулдаг учраас найруулагч киногоо “Ногоон папаяагийн үнэр” хэмээн нэрлэжээ. Папаяаг бүдэг ногоон өнгөтэй байхад нь хүнсний зориулалтаар ашиглагдаг ч боловсорч гүйцэхээрээ жимс болдог байна. Муйгийн хувьд ч мөн энгийн нэг үйлчлэгч охиноос чинээлэг айлын эхнэр болдог нь папаягийн хувьсалтай адил билээ.

Энэхүү кинонд сэтгэл хөдөлгөж, аньсганд нулимс цийлэгнүүлж, уяраах хэсэг олон ч надад хамгийн их таалагдсан нь Муйгийн хайртай залуу түүнд бичиг үсэг зааж, хамтдаа боловсорч буй хэсэг юм. Эртний Грект хайр дурлалыг “эр эм хүн ханьсан нийлж, хамтдаа боловсрон хөгжихийг хэлнэ” хэмээн үздэг байсан. Үүнтэй адил сэтгэлт бүсгүйгээ боловсролгүй, дорд гаралтай гэж гололгүй бие биенийхээ дутууг нь нөхөж, дундуурын дүүргэхийг хичээдэг нь жинхэнэ хайр гэж ийм л байна даа гэж бодогдуулсан. Дурлал гэдэг сохор гэдэгт би итгэдэггүй. Алдаа дутагдлыг нь анзаарсан бол хүлээн зөвшөөрөх бус засах гэж оролдох нь жинхэнэ хайрын илрэл гэлтэй.
Энэ киног үзэх бүрт сэтгэл санаа тэнийгээд, уужраад л ирдэг болохоор сэтгэл санаа тавгүй үедээ үзэхэд тохиромжтой. Ногоон папаяагийн үнэр хэмээх энэ гайхалтай кино дан ганц эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн гэхээсээ илүү эх хүүхдийн хайр энэрэлийг ч харуулдаг. Санаагийн санал болгох киноны хамгийн эхэнд би “ногоон папаяагийн үнэр” киног онцоллоо. Үзсэний дараа хэрэггүй үзэж дээ гэж харамсаархгүй кино шүү.
PS; Киноны сэтгэл татам уран дүрслэл, үзэхэд төрөх гүн мэдрэмжийг Клод Дебюссигийн “Сарны гэрэл” ая улам нэмэгдүүлж байгаа биз? Кино зохиол+хөгжмийн төгс зохицол