Сэтгэл санааны хувьд та төлөвшсөн үү?

Sanaa Lkhagva
3 min readApr 15, 2019

--

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байх нь оюуны чадамж өндөр байхтай адил. Өнөө цагт ажилд ороход хувь хүний зан суртахууны сорилтыг заавал бөглөх шаардлагатай болсноос гадна ямар ч төрлийн харилцаанд сэтгэл хөдлөлөө захирах чадвар хамгийн чухал хэмээн онцлох болжээ. Сэтгэл санааны хувьд төлөвших гэдэг нь сэтгэл хөдлөлөө хянаж, удирдах төдий зүйл биш бөгөөд илүү өргөн агуулгатай ойлголт юм. Сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүмүүсийн гол шинж чанар гэвэл…

Тэд үүрэг хариуцлагаа ухамсарладаг

Өөрийн үйлдэл бүрдээ үүрэг хариуцлага үүрдэг байх нь сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүнд байх гол шинж гэж судлаачид үздэг. Хэрэв өөрийн алдаа дутагдал, шийдвэр, үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх чадамжгүй бол сэтгэл санааны хувьд төлөвших болоогүй байна гэж өөрийгөө дүгнэж болох нь ээ. Энгийнээр тодорхойлбол сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүн “хувь тавилан бидний сонголт, шийдвэрээс хамаардаг” гэдэгт итгэж алдсан ч байсан үүнийхээ хариуцлагыг үүрдэг.

Алдаа хийсэн бол түүнийгээ ухаарч, хүлээн зөвшөөрдөг

Дутагдлаа хүлээн зөвшөөрч, засахад амаргүй. Заримдаа дутагдлаа “төрөлхийн зүйл” гээд өөрсдийгөө зөвтгөх хандлага бид бүгдэд байдаг. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь нэг бодлын эр зориг, даруу төлөв байдлын илэрхийлэл юм. Сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүмүүс өөрсдийнхөө асуудалд бусдыг буруутгадаггүй. Харин өөрт учирсан асуудал, дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь давах ёстой оргилын нэг хэмээн үздэг.

Эерэг хандлагатай

Сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүн уйгагүй зүтгэлтэй, тэвчээртэй, тууштай байвал бүх зүйл бүтнэ гэсэн эерэг хандлагатай байдаг. Энэхүү эерэг итгэл үнэмшил нь өөрийн болон бусдын сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг бөгөөд ямар ч харилцаанд харилцан тааламжтай байдлыг төрүүлж чаддаг.

Бие даасан байдаг

Бүхий л талаараа төлөвшсөн хүн өөрийн гэсэн үнэт зүйл, зорилготой байдаг. Амьдралынхаа зорилго, зарчимдаа тууштай байж, эргэн тойрны хүмүүсийн шахалт, хүсэлтэд автдаггүй. Тэд бусдыг ижилсэн дуурайлгүй, өөрийн хүсэл эрмэлзэл, дотоод сэтгэлээ сонссоныхоо дараа шийдвэрээ гаргадаг.

Сэтгэл хөдлөлөө хариу урвал болгодоггүй

Сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүн сэтгэл хөдлөлөөрөө аливаад хандаж, дайрч давшдаггүй. Харин тэд сэтгэл хөдлөлөөрөө үйлдэл гаргахаас зайлсхийж, эхлээд дотроо сайтар тунгаасны эцэст илүү даацтай, няхуур үйлдэл хийдэг. Тухайн цаг үеийн мэдрэмж, сэтгэлийн хөдлөл тань буруу үр дагаварт хүргэх нь олонтаа учраас сэтгэл хөдлөлөө захирах нь чухал.

Байгаадаа талархаж, бусдад өгөхийг эрхэмлэдэг

Байгаадаа талархах нь амьдралыг гайхалтай болгодог

Амьдралд нь тохиолдсон сайхан үйл явдал, учирсан хүмүүстээ талархах сэтгэлтэй байх нь сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүний нэг шинж юм. Талархах нь амьдралыг илүү гэгээлгээр харахад туслахаас гадна аливаад амархан бухимдахаа больдог. Тиймээс л сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүмүүс илүү аз жаргалтай амьдарч, бага сэтгэлээр унаж, бухимддаг байна. Их, бага гэлтгүй өөрт байгаа бүхий л зүйлдээ талархсанаар амьдралын жижиг асуудалд хэт эмзэглэхээ больж, сэтгэл санаа ч тогтворждог бөгөөд олсныхоо хэрээр бусдад өгөх хэрэгтэй гэж сэтгэл санааны хувьд төлөвшсөн хүмүүс үздэг.

Ямар ч зүйлийг хэт хүндээр тусгадаггүй

Тэнгэр шиг уужим, далай мэт тэнүүн бай. Сэтгэл оюундаа хэт их дарамт өгч, сэтгэлээр тавгүйтээд байвал яагаад ч сэтгэл санааны хувьд төлөвшиж чадахгүй. Хэрэв бүх зүйлийг хүндээр тусгах гээд байдаг бол өөрийнхөө бодол, сэтгэхүйг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй юм.

Хувь хүний хөгжилдөө анхаардаг

Өнөөдрийн байгаа байдлаасаа ахиж, дэвшихийг хүсвэл өдөр бүр тогтмол шинэчлэгдэж байх ёстой. Амьдрал биднээс байнгын эргэлтийг шаарддаг болсон шүү дээ. Наад зах нь хэрэглээний програм дээр ажиллах чадвараа сайжруулах, дахиад нэг хэл сурах гэх мэтээр өөрийнхөө чадварыг ахиулах нь хувь хүний хөгжилдөө анхаарч буйн шинж юм. Хувь хүний хөгжлийн ном уншсанаар өөрчлөгднө гэж сэтгэл санаагаар төлөвшсөн хүмүүс боддоггүй. Мөн тэд хувь хүний хөгжил гэдэг нь амьдралын асар том өөрчлөлт бус өдөр бүрийн багахан ахиц гэдэгт итгэдэг.

Эцэст нь сэтгэлийн тогтвортой байдал, төлөвшилт нь зуун хувь биднээс шалтгаална. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрөх нь, үүрэг хариуцлагаа ухамсарлах эсэх нь биднийг сэтгэл санааны төлөвшилд хүргэдэг байна.

Амьдралын тань хамгийн сайхан жил бол таны асуудал таных гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэр цаг хугацаа юм. Таны хаана төрсөн, эцэг эх чинь хэн байх нь хамаагүй. Та өөрийнхөө хувь тавиланг сонгодог.

Сэтгэл судлаач— Алберт Эллис

Эх сурвалж:

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet

Write a response