Хуванцар хаягдалгүй эх дэлхий
Эх дэлхийн өдөр, усны өдөр гээд бид жилийн 365 хоногийг дурсгалт, тэмдэглэлт, баярын өдрүүдээр дүүргэчихсэн. Гэтэл яг үнэндээ дэлхийн өдрөөр бид байгаль дэлхийд ээлтэй ямар үйл хийдэг вэ? гээд бодохоор хийсэн юмгүй хэрнээ өнөөдөр эх дэлхийн өдөр хэмээн жил бүр ярьдаг. Эх дэлхийн өдөр ч гэхгүй хэрхэн амьдралаа илүү байгальд ээлтэй болгох вэ? хэмээн анхаардаг хүмүүст зориулж хуванцарын тухай мөн хуванцар задлах бактерийн талаарх мэдээллийг хүргэе.
Хуванцарын түүх
Хуванцар савыг анх Америкт гаргаж авсан бөгөөд тэртээ 1869 онд Жон Весли Хяатт гэх эрдэмтэн нийлэг хуванцарыг зохион бүтээжээ. Тэрээр эхэндээ зааны соёог орлуулах бүтээгдэхүүнийг хиймлээр гаргаж авах туршилт хийж байсан ч оронд нь бидний өдөр бүрийн хэрэглээ болсон нийлэг хуванцар материалыг гаргаж авсан байна. Тухайн үед зааны соёо ховор бас үнэд хүрдэг байснаас уг түүхий эдийг хиймлээр гаргаж авсан хүнд 10,000 долларын мөнгөн шагнал амладаг байж. Олон жилийн туршилтаар камфортой (гавар) хөвөнд агуулагддаг нитратжуулагдсан целлюлозыг боловсруулахад зааны яс, хөвөн даавуу, яст мэлхийн хуяг гээд бүхий л төрлийн материалд хувиргаж болох мөртлөө хөнгөн, бат бөх материалыг нээсэн нь нийлэг хуванцар юм. Хяаттын бүтээсэн зохиомол материал хүн төрөлхтөний байгалиас хараат байдлыг бууруулж, олон зуун шинэ бүтээгдэхүүн төрөн гарах үүд хаалгыг нээсэн буянтай эд билээ.
Хуванцраар бүрхэгдсэн эх дэлхий
Гэвч сайныг дагаад саар гэгчээр байгаль дэлхий, ан амьтан, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй “чимээгүй тахал” буюу хог хаягдлыг буруулахад дэлхийн иргэн бүр анхаарах хэрэгтэй боллоо. Дэлхийн нийт хогны 20 хувь нь далай руу хаягддаг бөгөөд одоогийн байдлаар Украйны газар нутгийг давж гарахаар хэмжээний хог хаягдал далайд агуулагдаж байна. 2014 оны судалгаагаар далайд 244 мянгын метр тонн хэмжээтэй 5.25 триллион хуванцарын хэлтэрхий байгааг тогтоожээ. Нарны гэрэлд байсан хуванцар сав жижиг хэлтэрхий болж задардаг бөгөөд үүний дийлэнхийг нь далайн хамгийн жижиг нялзгай биетээс авхуулаад халим хүртэл иддэг, мөн далайн шувууд залгичихдаг учраас бид хуванцар хаягдлыг далайд хөвж явахыг хардаггүй. Салхич шувуу цадахаа мэддэггүй тул хуванцарыг загастай эндүүрэн залгиснаас болж 40 хувь нь хуванцараас болж үхдэг байна. Хуванцар сав, баглаа боодолд агуулагддаг А бизфенолтой поликорбонат нь хүүхдийн бэлгийн бойжилтыг хурдасгаж, дархлааны системийн гэмтэл, хавдрын магадлалыг нэмэгдүүлдэгийг баталжээ. 2010 онд Хавайн далайгаас барьсан арван загасны долоогоос нь хуванцарын жижиг хэлтэрхий олдсоноос үүдэн 2050 он гэхэд нийт далайн амьтдын 99 хувьд нь хуванцарын хэлтэрхий агуулагдана гэсэн дүгнэлтэд хүрсэн гээд нэгэн цагт агуу нээлт хэмээн үнэлэгдэж байсан хуванцарын хэрэглээг халах цаг иржээ.
Хуванцар сав баглаа, боодол задлах бактер
Хуванцар хог хаягдлын 40 хувийг нэг удаагийн сав баглаа, боодол эзэлдэг байна. Жил тусам хуванцарын хэрэглээ нэмэгдэхэд хог хаягдал даган ихсэж байгаа учраас нэг удаагийн хуванцарын хэрэглээ болох соруул, цаасан аяга, гялгар уутны хэрэглээгээ танах шаардлагатай гэдгийг санах нь зүйтэй. Байгалийн гэсэн бүх зүйлс задралд орж байгальд уусдаг байхад хуванцар зэрэг органик, полимер нэгдлүүд нь анхны хэлбэрээ хэт ягаан туяа, нарны гэрэлт удаан байснаар алдах ч молекулийн түвшинд бүрэн задардаггүй байна. Эрдэмтэд хуванцарыг уусгаж, задлах аргыг нээж олохоор олон арван жил судалсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл 2016 онд “идеонелла сакайенсис” гэх нэртэй нэгэн бактер PET буюу нэг дугаарын тэмдэглээтэй хуванцарыг задалж, энерги гарган авдаг болохыг эрдэмтэд илрүүлжээ. Энэхүү бактер нь хөрсөнд агуулагддаг бөгөөд олж илрүүлсэн газрын нэрээр нэрлэсэн байна. Нэг дугаарын тэмлэглээтэй хуванцар байгальд хамгийн их байдаг бөгөөд ундааны болон хоолны саваас авхуулаад хувцасанд хүртэл агуулагддаг. Америкийн Үндэсний Сэргээгдэх Эрчим хүчний лабораторийн хуванцар задлах аргыг судалдаг эрдэмтэн Грекк Бэгхэм “энэхүү жижиг организмын тусламжтай хог хаягдлыг үр дүнтэй багасгана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Гэхдээ “идеонелла сакайенсис” бактери усны савыг хэмжээнээс нь хамаарч бүрэн задалхад зургаан сараас нэг жилийг зарцуулдаг. Эрдэмтэд уг бактерийг илүү богино хугацаанд хуванцар задалдаг болгоход анхаарч ажиллаж байгаа юм байна. Олон арван жилийн турш эрдэмтэдийн толгойны өвчин болсон уг асуудлын гарц хөрсөнд агуулагдах жижиг биет байсныг эрдэмтэд хожуу ч гэсэн оройтоогүй байхдаа илрүүлсэн нь сайшаалтай.
Эцэст нь хуванцар задлах арга технологи бүрэн хөгжөөгүй, мөн эх дэлхийг хамгийн ихээр бохирдуулж буйгаараа бид шаардлагагүй, орлуулчихаж болох хуванцрын хэрэглээнээс татгалзах хэрэгтэй.