Outliers: The story of success Ялгарагчид ба амжилтын түүх

Sanaa Lkhagva
6 min readApr 14, 2019

--

Жил бүр хэвлэгдсээр байдаг тэрбумтан, энтрепренер, алдартнуудын намтрыг өгүүлсэн номыг уншвал бүгд нэгэн ижил зүйлийг өгүүлсэн байдаг. Номын гол баатар эгэл жирийн амьдралаас өөрийн уйгагүй зүтгэл, тэсвэр хатуужлын хүчээр амжилтад хүрсэн гэдгийг ухаардаг шүү дээ. Гэхдээ оргүй хоосноос хүн хөл дээрээ босдог гэж үү? Тэгвэл яагаад “надад тулах цэг өгөөч, тэгвэл би дэлхийг өөрчлөнө” гэх алдарт үг үнэ цэнэтэй хэвээр байна вэ? Хэрэв та ч мөн ингэж бодож байсан бол сэтгүүлч Малколм Гладвелл “Ялгарагчид ба Амжилтын түүх” номоороо эргэлзээг тань арилгах болно. Энэхүү номын зохиолч амжилт гэдэг уйгагүй зүтгэлээс хамаарах ч бидний тэр бүр тунгаан бодож байгаагүй олон хүчин зүйл амжилтад хүрэхэд нөлөөлдөг болохыг сонирхолтой баримт, үндэслэлээр баталжээ. Амжилттай байх эсэх нь бидний хаана, хэзээ төрснөөс шалтгаалахаас гадна угсаатны соёл сэтгэхүй хүртэл нөлөөлдөг байна. Амжилтыг бид мөсөн уулын жишээгээр их харьцуулдагтай адил тэдний амжилтын түүхийн цаана ард үлдсэн олон зүйлс бий. Ялгарагчид ба амжилтын түүх ном нь “Боломж” ба “Өв уламжлал” гэсэн хоёр хэсэгтэй, зохиогчийн төгсгөл үгийг тооцохгүйгээр нийт есөн бүлэгтэй юм. Номын бүлэг бүр амжилтын цаад хүчин зүйлийг дурдах ч энэхүү товчлолдоо гол гэсэн санаа, ойлголтуудыг жишээтэйн хүргэе.

“10000 мянган цагийн дүрэм”

Энэхүү дүрмийг амжилттай яваа аль ч салбарын хүмүүс амьдралдаа хэрэгжүүлсэн байдаг. Моцарт зэрэг суут хүмүүсийг бид зургаатай байхдаа л анхны хөгжмийн зохиолоо бичсэн гэдгийг мэддэг ч үнэндээ анхны бүтээлийнх нь ихэнхийг түүний аав хамжиж туурвижээ. Түүнийг эхний долоо бүтээлээ өөрөө зохиогоогүй гэж судлаачид үздэг. Моцарт өөрийн сод бүтээлээ 21-тэй байхдаа туурвисан бөгөөд арван жилийн хугацаанд нийт 10,000 цагийг бүтээл туурвихдаа зарцуулснаар бидний мэдэх алдарт бүтээл төрөн гарсан юм. 1971 онд Мичиганы Их Сургууль шаргал тоосгон ханатай, гаднаасаа хар цонхтой шинэхэн комьпютерийн төвийг нээжээ. Цэлгэр цагаан өрөөний голд аварга том тооцоолон бодох машинаас бүрдэх тус сургуулийн компьютерийн лабораторийг “2001: Сансрын Одиссей” киноны сүүлийн үзэгдэл дээр гарах өрөө шиг хэмээн тус өрөөнд орсон оюутнууд шагширдаг байж. Тус төвийг яг нээгдэх жил Мичиганы Их Сургуульд Билл Жой хэмээх 16 настай хүү тус тэнхимийн оюутан болсон юм. Ахлах сургуульдаа хамгийн сурлагатай оюутнаар шалгарч байсан Билл Жой анхандаа биологич аль эсвэл математикч болно гэсэн бодолтой байсан ч оюутан болсон эхний жилдээ компьютерийн шинжлэх ухаанд эргэлт буцалтгүй татагдан орж, бүхий л амьдралаа зориулсан юм. 1975 онд ижил чиглэлээр Калифорниагийн Берклигийн Их Сургуульд магистрын зэргээ хамгаалахаар элсэн орсон нь компьютерын програм хангамжийн чиглэлээр ажиллахад түлхэц болсон байна. Энэхүү эрхмийг бид төдийлөн мэддэггүй ч одоогийн компьютерт ашиглагдсаар байгаа үйлдлийн системийг сайжруулахад оролцсон хүн юм. Берклигийн Их Сургуулийг төгсөөд Силикон Валли-д “Нарны Макросистем” нэртэй фирмийг байгуулж Жава програмыг бичсэн гээд програм хангамж, үйлдлийн системийн хөгжилд асар их хувь нэмэр оруулжээ. Гэхдээ бид Билл Жой-оос илүү адил нэрт Гейтсийн тухай сайн мэддэг шүү дээ.

1971 онд Билл Жой 16 настай, математикийн гавал хочтой жирийн л нэг өсвөр насны хүү Мичиганы Их Сургуулийн оюутан болохдоо компьютерийн шинжлэх ухаантай танилцсан бол Билл Гейтс түүнээс хэдэн жилийн наана буюу 1968 онд наймдугаар ангийн сурагч байхдаа танилцжээ. Билл Гейтсийн аав Сиаттл хотын хөрөнгөтэй хуульч байсан бөгөөд ээж нь нэртэй банкирийн охин байжээ. Тэд хүүгийнхээ боловсролын төлөө бүхнийг зориулна. Улсын сургуулийн сургалтын систем хэт амархан байсан учир түүнийг долдугаар ангид байхад нь сурч байсан улсын сургуулиас нь гаргаж Лейксайд нэртэй Сиэтл хотын элит айлын хүүхдүүд суралцдаг хувийн сургуульд оруулжээ. Тус сургууль Гейтсийг элсэн ороод жил болсны дараа тухайн үедээ шинээр гарсан ASR-33 Teletype үйлдлийн системтэй компьютерын клубтэй болсон нь 60-аад оны үед тэр бүр тохиолдохгүй гайхалтай явдал хэмээн хожим дурсжээ. Тухайн цаг үеийн томоохон их сургуулиуд бүгд цоолтуурын картаар ажилладаг тооцоолуурын машинтай байсан үе гэхээр хүн бүрт олдомгүй ховор боломж Гейтст олдсон нь бусдаас урьтаж ажилтанд хүрэх эхний давуу тал болсон юм. Удалгүй Вашингтоны Их Сургуулийн програмчид “Компьютерын Төвийн нэгдэл”-ийг нээж орон нутгийн компаниудад компьютер түрээслүүлэх болжээ. Яг энэ үед Гейтсээс нэг насаар ах ангийн хүүхдийн аав Рона компанийнх нь програмыг амралтын өдрүүдэд туршиж, шалгах эсэхийг нь асуусан нь код бичиж турших боломжийг өгчээ. 1971 он гэхэд Гейтс болон түүний хамтрагч нар нийт 1575 цаг, нарийвчилбал хоногт найман цаг, өдөр бүр ISI үйлдлийн системтэй компьютерт програм бичсэн гээд энэ мэтчилэн Билл Жой-оос давуу гарах есөн боломж цаг хугацааны хувьд урьтаж нээгджээ. Эдгээр бүх боломж дээр нэмээд Гейтс наймдугаар ангиас, их сургуулийн хоёрдугаар курс хүртлээ зогсолтгүй нийт долоон жилийн хугацаанд 10,000 цагийг програм бичих, чадвараа сайжруулахад зарцуулсан учир Билл Жой-оос илүү гарах нэг том түлхэц болсон байна. Хэрэв сая сая залуучуудад Гейтсийг 13-тай байхад нь олдсон боломжийг өгвөл Макрософттой адил эсвэл үүнээс ч илүү үйлдлийн систем гарах боломжтой юм. Тэгэхээр давуу байдал, боломжоос хамаарч бидний амьдрал, амжилт тодорхойлогдохоос гадна 10,000 цагийг хийж буй зүйлдээ зарцуулсан эсэхээр амжилт тодорхойлогдон гэдгийг энэхүү бүлэгт өгүүлжээ. Энэ бүлгээс би ямар ч хүн бусдаас дутуу эсвэл илүү биш. Харин боломжоо зөв ашиглаж, 10,000 цагийн дүрмээр амжилтыг хэмжих хэрэгтэйг ойлгосон.

Гоц ухааны талаарх бидний эндүүрэл

Өмнөх зуунд гоц ухаан бол амжилтын түлхүүр гэдэгт олон судлаачид санал нэгддэг байжээ. Гэтэл амжилт гэдэг хүний оюуны чадамжтай холбоогүй бөгөөд харин бидний хандлага, бусадтай харилцах чадвар хамгийн чухал хүчин зүйл юм. 2008 онд Америкийн 1&100 нэртэй телевизийн шоугаар алдартай болсон Кристофер Ланган тус нэвтрүүлгээс 250,000 доллар хожсон цорын ганц хүн болжээ. Америкийн хамгийн ухаалаг эр гэсэн хочтой болсон түүний оюуны потенциал 195 байсан нь Эйнштейныхээс 30 хувиар өндөр гэсэн үг. Гэхдээ Крис Ланган бол тавь хүрч яваа, ахлах сургуулийн боловсролтой энгийн нэгэн фермерчин гэхээр гоц ухаан амжилтын түлхүүр биш байх нь. Хэрэв Крис Ланганы бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадамж сайн байсан бол суут зохион бүтээгч гээд агуу хүн байх боломжтой байсан. Эцэг ондоо дөрвөн хүүтэй эмэгтэйн ууган хүү болсон Крис маш хүнд амьдралыг туулжээ. Ээжийнх нь сүүлийн нөхөр болох хойд аав нь сэтгүүлч мэргэжилтэй ч архинд амьдралаа алдчихсан нэгэн байснаас маш тарчиг амьдардаг байв. Солих ч хувцасгүй ганц хувцасаа угаачихаад, хаттал нь хүлээж зогсдог хүнд амьдралд өссөн хүүд амьдралын хамгийн чухал чадвар болох хүний арга эвийг олж, өөрийгөө илэрхийлэх дадлыг төлөвшүүлсэнгүй. Амьжиргааны түвшин доогуур амьдралтай эцэг эх хүүхдээ “өөрсдөө боломжоо бий болгож, олно биз дээ” хэмээн зөнгөөр нь хаядаг байхад чинээлэг эцэг эх хүүхдийнхээ хөгжил, боловсролд нь зогсолтгүй хөрөнгө оруулахаас гадна бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж, удирдах зан чанарыг суулгадаг байна. Крис ахлах сургуулиа төгсөх үедээ хоёр их сургуулиас тэтгэлэг авсан ч арай нэр хүндтэй, шилдэг их сургуулийг нь сонголгүй буруу сонголт хийжээ. Тухайн үед Кристэй зөвлөж, ярилцах нь байтугай ээж нь гэр бүлийнхээ санхүүгийн мэдүүлгийн формоо хугацаанд нь бөглөж өгөөгүйгээс болж хоёрдугаар курсдээ тэтгэлгээ алдсан байна. Тэр үедээ сургалтын албаны ажилтад нөхцөл байдлаа ойлгуулчих боломжтой байсан ч тэр ямар ч тайлбар хийлгүй сургуулиасаа гарчээ. Энэ мэтчилэн хүн гоц ухаантай байлаа гээд ар гэрийн нөхцөл, тухайн хүний бусадтай харилцах чадвар сул байвал амжилтад хүрдэггүй байх нь. Нийгэмд олон янзын хүмүүстэй харилцаж, тэдний арга эвийг олж байж л амжилтад хүрнэ шүү дээ.

Бидний төрсөн цаг хугацаа амжилтад нөлөөлдөг. Хаана болон аль цаг үед төрсөн нь бидний азтай, амжилттай амьдрах эсэхийг тодорхойлох боломжтой. Түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий, чинээлэг хүмүүсийн жагсаалтад Клеопатра, Соломон хаанаас авхуулаад нийт 75 чинээлэг хүмүүс багтдаг. Энэхүү жагсаалтад нэр нь орсон 14 хүн Америкийн Нэгдсэн улсад 1860–70 оны хооронд төрсөн хүмүүс байжээ. Энэ цаг үед Америкийг хөндлөн гулд сүлжсэн төмөр зам баригдаж, аж үйлдвэрийн хувьсал эд хүчээ авч байснаас гадна Валл стрийт үүсэж байсан цаг үе юм. 1890-ээс 1900 оны эхэн үед төрсөн хүмүүс дэлхий түүхэн дэх хамгийн хэцүү үед төрсөн “азгүйчүүл” юм. Учир нь тэд испаний ханиад, дэлхийн I дайн, “их хямрал”-ын үеийг туулснаас гадна дэлхийн II дайны үед цэрэгт татагдахад хангалттай залуу байснаас хоёр ч дайнд явсан гээд 1913 оноос хойш төрсөн хүмүүсийг бодвол хамаагүй хүнд зовлонг үзжээ. Харин 1935 онд Америкт төрөлтийн тоо эрс буурч, урьд жилүүдийнхээс харьцуулахад 600,000 мянгаар бага хүүхэд мэндэлжээ. Тэдний ихэнх нь шилдэг их дээд сургуульд сурч, өндөр албан тушаалтай ажил эрхэлж амьдарсан байхад дэлхийн II дайны дараа буюу “ их төрөлт”-ийн үед төрсөн хүмүүст амьдрал арай өөрөөр ханджээ. Тэдний амьдрал эхнээсээ эцэс хүртэлээ тэмцэл дунд дууссан байна.

Силикон Валлигийн хувьд ч мөн адил IT-гийн чиглэлийн гигантуудын дийлэнх нь 1953–56 онд төрсөн хүмүүс байдаг. 1970-аад оны үе компьютер, програм хангамжын эрин эхэлж байх үед тэд сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ ирж байсан гэх мэт цаг хугацаа, нийгмийн өөрчлөлтийн хамгийн таатай үед төрсөн нь амжилтад хүрэх нэг нөхцлийн нэг болсон хэмээн тус номын зохиолч дүгнэжээ.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet

Write a response