2030 оны даалгавар+169 зорилт || Хэн нь түрүүлж биелүүлэх вэ?

Sanaa Lkhagva
5 min readJun 6, 2019

--

Тогтвортой хөгжлийн зорилт 2030 төслийг НҮБ-ийн гишүүн орнууд баталснаас хойш дөрвөн жил өнгөрлөө. Үлдсэн 11 жилийн хугацаанд орон бүр өөрт оноогдсон үүрэг даалгавраа 100 хувь биелүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа ч тодорхой ахиц гаргаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн хэрэгжүүлэлтийн индексээр 2016 онд 58 хувийн үнэлгээтэй байсан бол өнгөрсөн онд 63 болж ахисан. Гэхдээ үзүүлэлтийн хувьд 2016 онд 84 дүгээр байрт байсан бол өнгөрөгч оны тайланд 95 дугаар байр луу 11 байраар ухарч жагсжээ. Байр доошлох болсон нэг шалтгаан нь шинээр долоон улс уг тайланд орсонтой холбоотой байж магадгүй. Мөн улс бүр өмнөх жилийн үзүүлэлтээ ахиулсан нь тайлангаас харагдаж байна. НҮБ-ийн Статистикийн Комиссоос гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн 2017” оны тайлан өмнөх оныхтой яг адил 95 дугаар байрын үзүүлэлттэй байгаа нь манай орны зогсонги байдлыг илтгэж байна. Хэдий УИХ-аас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх хуулийг баталсан ч төдийлөн үр дүнтэй алхам хийхгүй аргацаасаар л явна. Үнэхээр Монгол Улс ахиц дэвшилтэй ажиллаж чадаж байна уу? Ямар индикатораар бид ахицаа үнэлэх вэ? гэдэг нь бүрхэг.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” төсөл батлагдсан цагаас ямагт дээгүүр эрэмбэлэгдэж буй Швед, Дани зэрэг Европын улсууд өдийг хүртэл тогтвортой хөгжлийг цогцлоох ямар шийдвэрт хүрч, бодит алхам хийснийг харьцуулж, мөн үлгэр жишээ авах хэрэгтэй болов уу. Хэдий улс орныхоо аж байдлыг хөгжингүй орныхтой харьцуулах нь утгагүй хэмээн улс орноо өмөөрмөөр ч ямагт бид өөрөөсөө илүү нэгнээс үлгэр дуурайл авч, хөгжихийг хүсдэгтэй адил хөгжингүй орноос суралцах хэрэгтэй.

Тогтвортой хөгжлийн индекс 2016 оны тайланд 149 улс жагссан бол 2018 онд 156 болж нэмэгджээ

Тогтвортой хөгжлийн зорилт 2018 оны индекст Монгол улс ядуурлыг устгах зорилтоор үлгэр жишээ үзүүлсэн гэх ногоон үнэлгээ авсан мөртлөө өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих зорилтын хэрэгжилт тун тааруу гэсэн үнэлгээ авчээ.

Тогтвортой хөгжлийн 2018 оны тайланд чухам ямар шалгуураар Монгол Улс ядуурлыг устгах зорилтоор үлгэр жишээ гэсэн ногоон үнэлгээ авав?

НҮБ-ын 2013 онд гаргасан статистикаар дэлхий дахинд 767 сая хүн “нэн ядуу” гэсэн категорт хамрагдаж байна. Дэлхийн банкны гаргасан 2017 оны судалгаагаар ажилгүйдлийн түвшин аж үйлдвэр хөгжөөгүй буурай хөгжилтэй орнуудад 30 хувьтай байгаа бол хөгжиж буй оронд 4–12 хувьтай байгааг тогтоожээ . Дэлхийн банкны тус судалгааны тайланд Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 6,4 хувьтай байсан бол ОУ-ын Валютын сангийн 2019 оны эхний дөрвөн сарын тайланд манай улсын ажилгүйдлийн түвшин есөн хувьтай байна.

Ажилгүйдлийн түвшин энэ жилийн эхний дөрвөн сард өнгөрсөн оныхоос 0.2 хувиар өсчээ. Үндэсний статистикийн төвөөс гаргасан Монгол Улсын ядуурлын түвшингийн тайланг үзвэл ядуурлын түвшин байнга хэлбэлздэг, сүүлийн хэдэн жил тогтмол өссөнийг харах боломжтой. Чухам ямар шалгуураар Монгол Улс ядуурлыг устгах зорилтоор үлгэр жишээ гэсэн ногоон үнэлгээг Тогтвортой хөгжлийн 2018 оны тайланд авсныг тайлбарлая. Тогтвортой хөгжлийн зорилтын эхний зорилго болох ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох зорилт нь дотроо долоон дэд зорилтод хуваагддаг. Зарим зорилтоос нь дурдвал Зорилт 1.-т “2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн илүүдэл жинг наад зах нь хоёр дахин бууруулах” гэж заажээ.

Энэ зорилтоор манай улсыг дүгнэвэл 2017 оны судалгаагаар Монгол Улсын нийт бага насны хүүхдүүдийн 91.30 хувь нь илүүдэл жинтэй нь тогтоогдсон. Мөн уг зорилгын 1.4-т “эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, газар өмчлөх, захиран зарцуулах эрх нас, хүйс, нийгмийн давхарга харгалзахгүй бүх хүнд адил байх боломжийг бүрдүүлэх” гэж зааснаар 2017 онд газар эзэмших эрхтэй, хууль ёсны гэрчилгээтэй насанд хүрсэн хүн 55 хувьтай байна. Эдгээр зорилтын үзүүлэлтээр манай улс Тогтвортой хөгжлийн зорилт 2018 оны тайланд ядуурлыг устгах зорилтоор дээгүүрт эрэмбэлэгджээ.

Өнөөдрийн байдлаар зээл аваад ч болтугай иргэд 0.7 га газар эзэмшихийг зорих болсон. Манай улсын нийт хүн амын 29% дэлхийн стандартаар “амжиргааны түвшин доогуур” ангилалд хамрагддаг. Гэхдээ Африк тивийн Этоп, Конго зэрэг хүн амын дийлэнх нь өлсгөлөнд нэрвэгдсэн улстай харьцуулвал хоол тэжээлийн дутагдалтай хүн манай улсад бага байна. Тиймээс ядуурлыг устгах бодлогыг Тогтвортой хөгжлийн зорилтод зааснаас өөрөөр давхар тодорхойлох хэрэгтэй юм.

“Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг амжилттай хэрэгжүүлж байгаа Швед улсаас бид юу суралцах боломжтой вэ?

Европ тивийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн том газар нутагтайд ордог, бага хүн амтай (нийт 10 сая), мөн тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Швед улс 1990–2017 оны хооронд улсынхаа хүлэмжийн хийн ялгарлыг 20%-иар бууруулжээ. Дэлхийн хамгийн анхны шатахууны хэрэглээг халсан улс болохоор зорьж, 2020 он гэхэд хүлэмжийн хийг 1990 оныхтой харьцуулахад 40%-иар бууруулах том зорилт тавиад байгаа. Швед улсын Засгийн газар 2016 онд сэргээгдэх эрчим хүчийг сайжруулах, дэд бүтцийг шинчлэхэд (дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн) 633 сая долларыг зарцуулжээ. Тус улс төсвөө бүрдүүлэхийн тулд шатахууны үнийг нэмж, зарим нүүрсний уурхайг гадны хувьцаат компани болгон худалджээ. Швед улс 1995 онд дэлхийн хамгийн анхны нүүрсхүчлийн хийн ялгаралтад татвар авах орон болсон. 2012 оны байдлаар тус улсын ДНБ-ны 2.52 хувийг байгаль орчны хамгаалалын чиглэлээр хураасан татвар эзэлжээ. Харин Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн бусад улсын ДНБ-ны 1.54 хувийг байгаль орчны чиглэлээр хураасан татвар бүрдүүлж байна. Эрчим хүчний салбарын 56 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг. Сэргээгдэх эрчим хүчний технологийн шинэчлэлт, судалгаанд Засгийн газар нь тогтмол хөрөнгө оруулт хийдэг. Тухайбал, хүний биеийн дулаан болон нарны гэрлээр халдаг байшин, цахилгаан хэрэгсэл бүтээхийг зорьж байгаа. Швед улс 36 жилийн хугацаанд ил задгай хаягдаж буй хог хаягдлын хэмжээг 2011 онд нэг хувь болтол бууруулсан. 1975 онд дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээ 38 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 99 хувийг нь дахин боловсруулж байна. Европын бусад улсууд ч мөн Тогтвортой хөгжлийн зорилтод анхаарч, Шведийн хойноос удаалж байгаа. Тухайлбал, Норвеги улсын цахилгаан үйлдвэрлэлийн 98 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлдэг. Скандинавын улс хэмээгддэг Дани, Норвеги, Швед, Финлянд улсууд Тогтвортой хөгжлийн индексээр эхний 10-т багтаж, бие биенээсээ багахан онооны зөрүүтэй урьд хойноо жагсаж, бусад улсаас илүү байгаль орчны асуудал дээр дорвитой алхам хийж байна. 2030 оноос өмнө эдгээр улсын хэн нь түрүүлч зорилтоо биелүүлэхийг хүлээх л үлдлээ.

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet