Sanaa Lkhagva
3 min readJan 15, 2020

Миний хүслийн жагсаалтад #Айова муж дахь Винтерсет хотын Роүзмен гүүр дээр зургаа авхуулах гэсэн хүсэл байдаг. Мэдисон нутийн гүүр (Bridges of Madison county) нэртэй киног та үзсэн бол ямар гүүр гэдгийг гадарлах байх. Америкт хийж үзэхийг хүссэн зүйл нэгээр дуусахгүй их байгаа ч энэхүү хүслээ заавал биелүүлнээ.

Нэгээс ч олон удаа үзсэн мөртлөө үзэхээс уйдамгүй кинонуудын нэг бол Bridges of Madison county билээ. Сэдэвчилсэн уран зохиолын номыг нь ч би уншиж байсан. Адил нэртэй ном нь 1992 онд хэвлэгдэж, дэлгэцийн бүтээл нь үүнээс гурван жилийн дараа гарсан. Клинт Иствуд найруулж, гол дүрд нь тоглосон цорын ганц уянгын романтик кино гэдгээрээ онцлог . Уг жанрын дэлгэцийн бүтээл дундаа дээгүүрт эрэмбэлэгддэг эл киног үзэх бүрд хосгүй нандин мэдрэмж гэгэлздэг. Сайхан дурсамж, цаг үедээ сүлэлдчихсэн учраас дотно, таатай мэдрэмж төрдөг байх.

Дүрийн шалгаруулалтыг хийсэн Люсиндаад нүдээ олсон, оновчтой сонголт хийсэнд нь талархмаар

Хэд хоногийн өмнө зурагтаар гарч байхад дундаас нь дахиж үзэхдээ өмнө анзаарч, нарийн тунгаагаагүй хэсэг байсныг анзаарлаа. Франческа, Роберт хоёр дөрөв дэх үдшийн орой лааны гэрэлд хооллонгоо цаашид хэрхэхээ ярилцдаг хэсэгт Франческа “Эмэгтэй хүн гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсноор амьдрал нь нэг талаар эхэлж байгаа хэрнээ дуусдаг. Хэдий үр хүүхэд томорч, өөрийгөө бодох цаг хаяанд ирсэн ч насаараа бусдын төлөө явсан хүнд өөрийнхөөрөө амьдрах ямар байдгийг санах ч үгүй болно гэж бодсонгүй” гэдэг хэсэг бага ангийн багшийн хэлснийг батлах шиг л болсон. Багш тэгэхэд “эмэгтэй хүний амьдрал 25 наснаас хойш хажуугаар жирэлзээд, урсаад л өнгөрдөг. Нэг л мэдэхэд хамаг залуу, сайхан үе ард үлдсэн байдаг” гэж билээ. Хожим ээжээсээ амьдрал нь 25 наснаас хойш, ялангуяа дүү бид хоёрыг төрүүлснээс хойш элсэн цаг шиг урсаад өнгөрсөн эсэхийг асуухад багштай адил “нэг л мэдэхэд” гэж хариулаагүй ч энэ биеээсээ хүн бүрдүүлж төрүүлээд, хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэй хүнээс асар их зүйлийг золионд гаргахыг шаарддаг. Наанадаж л хөхөөрөө хооллолдог бол бүтэн нойртой хонолгүй багадаа нэг жил болно. Хүүхэд харалцах хүнгүй бол цэцэрлэгт ортол нь хоёр жил гэртээ яс суух гээд өч төчнөөн бий. Мөн дуусч дундардаггүй хэрнээ ямар ч үлдэх бүтээл, үнэлэмжгүй ар гэрийн ажил чинээлэг айлын эхнэр биш бол эсвэл хагасыг нь нугалчих охин хүүхэдгүй бол гэрийн эзэгтэйд л ноогддог.

Эмэгтэй хүн гэхгүй эрт гэр бүлийн амьдрал эхлүүлэх тийм ч хүсмээр зүйл биш. Хорвоо ертөнц уужим лугаа адил суралцаж, танилцах зүйл их. Санхүүгийн хувьд ч бүрэн бие даагаагүй мөртлөө хүүхэдтэй болчихвол эцэг эхдээ шимэгчилж амьдрах өөрөөсөө гадна нэг хүн гаргаж өгч байгаатай адил гэж би боддог. Хэрэв сүйхээтэй, амжиргаатай хүнтэй ханилбал зүдрэх зүйлгүй амьдарч болох ч ганц бие байхдаа хийж, хүсэх зүйл гэр бүлтэй болсны дараа асар их ялгаатай болно. Магадгүй би энэ нийтлэлдээ дурдсан хүслээ эх хүн болоод умартаж болно шүү дээ. Миний эгэл мөртлөө өвөрмөц хүслийг хань болох хүн минь ойлгохгүй өөрийн хүслийг харгалзан үзээд Америкийн том хотоор аялна гэх ч юм билүү.

Плёнкатай камераар зургаа авч, угаалгаад хадгалнаа.
Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet