The Grit:The Power of Passion and Perseverance номын тухай

Sanaa Lkhagva
4 min readApr 26, 2019

--

“Хатуужилтай байна гэдэг нь бусдаас нэг алхамын өмнө байхыг хэлнэ. Сонирхлыг тань байнга өдөөдөг, утга төгөлдөр зорилготой бол түүндээ үнэнч байх нь хатуужил юм. Хатуужих гэдэг нь өдөр өдрөөр, сар, жилээр бий болдог хүч хөдөлмөр шаардсан зүйл. Жинхэнэ хатуужсан хүн бол долоо бүдэрсэн ч найман удаа сэхэж чадах хүнийг хэлнэ” хэмээх өгүүлбэрийг уншсан хүн бүрт нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан гэдэгт итгэлтэй байна. The Grit:The Power of Passion and Perseverance номыг цөөн үгээр тодорхойлооч гэж надаас хүн асуувал “энэ ном нь бидний ярьдагаар нэг хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл юунд ч чухал гэдгийг өргөн судалгаа, баримтаар баталсан ном” хэмээн хариулах байсан. Энэхүү ном нь 13 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрт онцолж дурдах зүйл олон ч номын хамгийн хэрэгтэй, чухал гэсэн санааг хүргэе.

Номын тухай

2016 онд хэвлэгдсэн уг номын зохиогч, сэтгэл судлаач Анжела Дакворт 10 жилийн турш хийсэн судалгааныхаа үндсэн дээр номоо бичсэн байна. Хятадаас Америк руу цагаачилсан гэр бүлд төрсөн Анжелаг бага байхад нь түүний аав “бусдаас ялгарах зүйлгүй, гоц биш” хэмээн шүүмжилдэг байж. Хожим том компаний бизнесийн зөвлөх, математикийн багш, сэтгэл судлаачаар ажилласаныхаа дараа тэрээр амжилт гэдэг бусдаас онцгойрсон гоц чадвар, авьяастайд бус харин хатуужилтай хүнд байдаг дөрвөн чанарт байдгийг ухаарчээ.

Хатуужилтай хүний дөрвөн чанар

  1. Сонирхол: Хүсэл тэмүүлэл нь хийж байгаа зүйлдээ дурлахаас эхтэй учраас чин сэтгээлээсээ дурлаж буй зүйлээ л хийвэл амжилттай амьдрана гэж бид ярьдаг. Гэтэл хамгийн хатуужилтай хүмүүст ч мөн хийх дургүй ч заавалчгүй хийх шаардлагатай нэгээс хоёр хүнд ажил байдгийг судалгаагаар тогтоожээ. Тэд хэцүү ч байсан хийж буй зүйлдээ сэтгэлээ зориулж чаддаг бөгөөд амжилт нь хөлс, хүчээ хэр зэрэг зориулснаас хамаардаг гэдгийг ойлгодог байна.
  2. Давдалт: Тууштай байдал нь өдөр тутмын сахилга бат бөгөөд өдөр бүр өчигдөр байснаасаа илүү үр бүтээмжтэй амьдрахыг хичээхийг хэлнэ хэмээн номонд тодорхойлжээ. Тууштай, хатуужилтай хүнд өөртөө эрдэж, бардамнах зан байддаггүй бөгөөд өдөр бүр өөрийнхөө дуртай, сайн хийж чаддаг зүйлсээ давддаг учраас бусдаас илүү байдаг байна. Сайн хийдэг байсан зүйлээ хийхээ болиход л олж авсан ур чадвараа мартчихсан байдаг шүү дээ.
  3. Туйлын зорилго: Аливааг ямар ч зорилгогүйгээр сонирхож хийдэг учраас бидний ихэнх нь тууштай байж чаддаггүй. Өдөр тутам хийж буй бүхэн биднийг дурлуулж байх ёстойгоос гадна бусдын сайн сайхантай уялдсан тохиолдолд л хүн тэсвэр, хатуужилаа гээдэггүй байна. Хатуужилтай хүмүүсийн дийлэнх нь “хийж буй ажил минь надад болон эргэн тойрны хүмүүст ч чухал учраас би бууж өгдөггүй” хэмээн хариулжээ. Хийж буй ажил, зорилго бүр бусдын амьдралд эерэгээр нөлөөлсөн тохиолдолд л хүн хүсэл тэмүүлэлтэйгээр бууж өгөлгүй урагшилдаг байх нь.
  4. Итгэл найдвар: Эхлэлийн цэгээс төгсгөл хүртэлээ итгэл найдвараа алдахгүй байх нь тууштай байдал, тэсвэр хатуужлын үндэс юм. Долоо бүтэрсэн ч найман удаа хөл дээрээ босоход хүнд итгэл найдвар хэрэгтэй. “Итгэл найдвар гэдэг нь шантрахгүйгээр хөл дээрээ босох сэтгэлийн тэнхээг хэлнэ” хэмээн номын зохиогч тэмдэглэжээ.

Номын хэсгээс:

“Карб бол төрөлхийн бичээч” хэмээн Жон Ирвинг өөрийн дөрөв дэх зохиол болох “Амьдралыг Карбийн нүдээр” номонд бичжээ. Уг зохиолын зохиомол гол дүртэй адил Ирвинг ч мөн өнөөгийн Америкийн утга зохиолын сод туурвагч хэмээх тодотголтой, гайхалтай найруулан бичих ур чадвартай хүн. Олон арван бүтээл туурвиж байснаас дийлэнх нь борлуултаараа тэргүүлж, цөөнгүй бүтээл нь кино зохиол болжээ. Тэрээр “Алимны байшингийн дүрэм” киноны зохиолыг бичсэн бөгөөд Оскарын шагналаас шилдэг кино зохиолын төрөлд ялалт байгуулсан. Гэхдээ Карб хэмээх уран зохиолын дүрийг бодвол түүнд төрөлхийн найруулан бичих авьяас байгаагүй. Зохиолд Карбыг “түүний оюун ухаанд зохиолын үйл явдал аяндаа л хөрвөж, үйл явдал нь ч гайхалтай үргэлжилдэг” хэмээн тодорхойлсон бол Ирвингийн хувьд нооргоос нооргийн хооронд олон удаагийн сайжруулалтын үр дүнд шилдэг зохиолоо туурвидаг байв. Карьерийнхаа эхэн үед Ирвинг нооргоо сайжруулах бус эхнээс нь бичиж эхэлдэг байснаас өөрийгөө туурвин бичих авьяасгүй юм байна гэж боддог байжээ. Тэрээр ахлах сургуульдаа Англи хэлний хичээлдээ -C үнэлгээтэй сурдаг байсан бөгөөд англи хэлний хэл бичгийн элсэлтийн ерөнхий шалгалтын 800 онооноос 475 оноо авсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн нийт сурагчдын гуравны хоёр нь түүнээс илүү оноо авснаас ахлах сургуульдаа улиран суралцаж сургуулиа төгсжээ. Тухайн үед багш нар нь түүнийг залхуу, усан тэнэг гэж боддог байсан ч Ирвинг хурц хэлбэрийн унших чадварын эмгэгтэй байсныг мэдээгүй юм. Тэрээр “би золгүй нэгэн байсан. Ангийн хүүхдүүд түүхийн хичээл дээр өгсөн бие даалтыг нэг цагийн дотор л уншчихдаг байхад би уншиж дуусгах гэж хоёроос гурван цагийг зарцуулна. Дуудаж чадахгүй үгээ бичиж тэмдэглэсээр байгаад урт жагсаалт бүхий буруу үсэглэсэн үгнүүдтэй болчихдог байсан” хэмээн дурсжээ. Түүний хүү ангийнхнаасаа мэдэгдэхүйц унших чадвар сул, ном уншихдаа хуруугаа явуулж үсэг үсгээр нь үсэглэж уншдаг, бичихдээ ч мөн өөртэй нь адил удаан бичихийг анзаарчээ. Хожим түүний хүү адил эмгэгээр оношлогдсоны дараа л Ирвинг яагаад сургуульдаа муу сурдаг байснаа ойлгосон байна.

Унших, бичих чадвараараа бусдаас хоцрогдмол ч тэрээр хоёр дахин их хөдөлмөрлөж, сайн хийж чадахгүй байсан ч дахин дахин оролдсоны үр дүнд бусдад төрөлхийн бичих авьяастай төрсөн хэмээн үнэлэгдэж чадсан. Ирвинг аливааг төгс хийдэг болоход өөрийнхөө чадамжаас давуулж хөдөрмөрлөх хэрэгтэйг эрт ойлгосон учраас амжилтад хүрсэн юм. Тэрээр “хүнд бүх зүйлийг хийх чадамж бий. Гэхдээ тэр чадамжийг нэг шөнийн дотор олоод авчихдаг зүйл биш” хэмээн бичжээ.

Angela Duckworth, The grit: Power of passions and perseverance номын 34 дүгээр хуудас

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet