Sanaa Lkhagva
3 min readMay 24, 2019

#They come true….

Зургийг UNSPLASH.COM-оос авсан

Амьдрал гэж үнэндээ гоёмсог хайрцаганд хийсэн чихрийн цуглуулга шиг. Бурамтай, дарстай, самартай, үзэмтэй, хатуу, зөөлөн зэрэг өөр өөрийн амттаны бүрдлийг би амьдралтай зүйрлэнэ. Гарах бүрд нь үзэхээс уйдамгүй “Форест Гамп” киноны алдартай эшлэлтэй адил амьдралыг яагаад хайрцаг шоколадаар зүйрлэж болохгүй гэж? Амьдрал гэдэг гэнэтийн зүйлээр баялаг. Одоо ч бүтэхээсээ өнгөрлөө дөө гэж бодож байхад удаан хүсэн хүлээсэн хүсэл биелнэ. Их хүсэх тусам хяслан гэгчээр чин сэтгэлээсээ хүсээд байхад л биелдэггүй мөрөөдөл ч надад бий.

Зөв цаг нь бүрдээгүй болоод л зарим хүсэл биелэх хугацаа түр саатдаг гэдэгт би үнэхээр итгэдэг. Мөрөөдөл биелсний дараа эргээд харахад аяндаа л бүх гарц зам, үүд хаалга нь тодорхой нэг хугацаанд нээгдчихсэн ч юм шиг санагддаг шүү дээ. Дунд ангид байхад манай гэр бүл умгар гурван өрөө сууцанд амьдардаг байлаа. Байрны гадаах тохижилт ч үзэмжгүй, давчуу байрнаасаа илүү аятайхан орчинтой, сэлүүхэн байртай болохыг хүснэ.

Ханан талдаа унтдаг байсан болохоор би таалагдсан дөрвөн өрөө байрны план зургийг дотоод дизайнтай цуг харааны өнцгийн түвшинд наагаад нэг хэсэг унтахаасаа өмнө бодолдоо төсөөлдөг байв. Өөрийн гэсэн өрөөтэй болохыг хүсдэг байснаас тухайн үедээ дөрвөн өрөө байртай болчихвол дүүтэйгээ хамт унтахгүй гэж сэтгэнэ. (Инээдтэй нь тусдаа өрөөтэй болсон ч одоог хүртэл хамт унтсан хэвээр.) Гоё тавилгатай уужуу цэлгэр зочны өрөө, том гал тогооны хэсгийг би толгойдоо 3D дүрслэлээр төвөггүй төсөөлдөг байсан шүү. Одоо бодоход би нэг сар л зургаа ханандаа байлгаж, орой бүр унтахдаа хэдэн минут тод томруунаар бодолдоо зураглачихаад унтдаг байжээ.

Миний хүсэл ханан дахь зургаа далд хийж, бодохоо больсноос хойш нэг их удаагүй биелэсэн. Яг миний бодож байсан өрөөний зохион байгуулттай мөртлөө таван өрөө байранд манай гэр бүл нүүж орсон. Гэрийн сул өрөө хэрвээ засвар хийх эсвэл нүүчихгүй л бол цаашдаа ч хичээлийн өрөөгөөр ашиглагдах байх. Одоо бодоход их бодоод, хүсээд байсан мөрөөдлөөс илүү богино хугацаанд бодитоор зураглаж бодсон хүсэл бүхэн минь биелэжээ.

Мөрөөдөл, хүсэл хоёр ялгаатай юу?

Биелэхгүй боллоо доо гэсэн хүсэл ч мөн цаг нь бүрдэхээр биелдэг бололтой. Хэцүү цагт бие биенийхээ түшиг тулгуур болж, баяр жаргалаа хуваалцах төрсөн дүүтэй болох хүсэл ч өнгөрсөн гэдэгт бага багаар эвлэрээд байтал ихэр дүү, бид хоёр хорин насандаа охин дүүтэй болов. Эхний гурван сар ээжид зүүд зэрэглээ мэт санагдахад надад харин энэ олон жилийн дараа дүүтэй болсон нь үлгэрт гардаг ид шид тохиосонтой л адил байлаа. Гэрийн хамгийн бяцхан нь болсон охин дүүгээ өхөөрдмөөр эгдүүтэй дуу гаргах бүрт би ид шид байдагт үнэмшдэг болсон.

“Нандин эрдэнэ болсон дүүтэй хүн шүү дээ” гэж бодоход л бурханд би талархдаг. Амьдралд талархах зүйл энэ мэтчилэн олон байдаг учраас би бурхнаас гуйж, хүсэхээс илүү байгаа бүхэндээ л талархах болоод байгаа…

Бидний нандин, чин зүрхний хүсэл цаг нь ирэхээр биелэхээс хойш адгуу загнаад хэрэггүйг би ойлгосон. Зүгээр л бодолдоо байнга, өдөр бүр биш хэсэгхэн хугацаанд яг жинхэнэ мэт төсөөлөх хэрэгтэй. Дүүгээ тэврээд салхилуулж байна гэх мэтээр яагаад ч юм би бодолдоо хааяа нялх охин хүүхэд боддог байлаа. Аавын хүслээр дахиад охин биш хүү байсан бол аав тэнгэрт тултал баярлах байсан. Гэхдээ хоёр эгчийн хүмүүжлээр орвол эр хүний шинжгүй дэндүү зөөлөн, туяхан эр болох учир охин дүүтэй байсан нь дээр, тэгээд ч эрэгтэй хүүхэд хоёр эгчийн дунд ирээдүйд ганцаардана. Эрүүл саруул дүү минь өсөн бойжиж, өнөр өтгөн болсондоо л би юунаас ч илүү амьдралд талархах нь надад таалагдаж байна. Амьдралдаа сэтгэл хангалуун, байгаа зүйлдээ л талархаж амьдрахаас илүү сайхан зүйл гэж үгүй. They come true^-^

Хүсэл мөрөөдөл дандаа эерэг байдагчлан энэ дууны утга нь ч их гоё
Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet