Миний өнгөрүүлсэн “Америк амьдрал”

Sanaa Lkhagva
6 min readMar 17, 2019

--

Түүхэн олдвор, дурсгалт барилга байгууламж, үзэсгэлэнт байгалаараа аялагчдын хараа булааж, сэтгэлийг булгилуулсан газар олон бий. Ялангуяа очихыг ямагт хүсдэг газар нутгийг үзсэн цагт төрөх сэтгэлийн бахдал амьдралд дурдатгал болон үлдэх аз жаргалтай эгшин болдог. Хамгийн дэврүүн сайхан нас хэмээн дуулдагчлан арван найман насны минь зун үйл явдлаар дүүрэн өнгөрсөн. Тэгэхэд л би нүдээ томоор нээж бие даасан амьдралыг зурвас мэдэрсэн юм. Анхны гэсэн тодотгол тэр л зун цагтай салшгүй дагалдана. Анх удаа хөдөлмөрийн хөлсийг мэдэрч, Америк амьдрал ахуй ямархуу байдгийг үзэж харсан зуны дэндүү богинохон гурван сар надад өөр амьдралыг мэдрүүлсэн.

Олон улсын оюутнуудын сууц “Хаявада”

Ази европ, өмнөд америкаас гээд олон орны зүс адилгүй солилцооны J1 оюутнууд “Хаявада” буюу бидний гэр болсон дотуур байраар нааш цааш холхино. Ямайка болон Нэгдсэн Доминикан улсын оюутнууд угийн их хөгжимлөг улс. Мөн Ямайкууд яг л Азиудтай адил будаанд үнэн голоосоо дуртай. Давхар бүрт байх дундын гал тогоонд ихэвчлэн тэд л тахианы махтай будаатай хуурга маягын үндэсний хоолоо хийж харагддагссан. Тэдний дүр зураг ой тойнд минь тод үлджээ.

Миний амьдарч байсан өрөө яг л муурын байшин шиг жижигхэн. Тавилгын хувьд авсаархан хөргөгч, хоол халаагч, гурван хүн суух бололцоогүй хоёр сандалтай жижигхэн ширээнээс бүрдэнэ. Ямар ч цонхгүй учраас бусад оюутнууд “шорон” гэж нэрлэдэг байсан ч би тэр өрөөндөө хурдан дассан. Арга ч үгүй ядарсан хүнд унтах тухтай ор, угаалгын өрөө өөр бусад хэрэгцээний хогшил байхад давчуу харанхуй орчинг тоох сөхөө ч байхгүй. Өдрийн зургаан цаг хийх үндсэн ажил маань рестораны зөөгч. Хэдий цайны мөнгө цалингаасаа гадна олдог байсан ч давхар зургаан цагийг буудалд ажиллаж өнгөрүүлнэ. Ямар ч амралтгүйгээр мөнгөний төлөө хар бор ажил хийхийн хэцүүг тэгэхэд л ясандаа тултал мэдэрсэн гэвэл буруудахгүй ээ. Ингэж л хөдөлмөрлсний хүчинд хүссэн бүхнээ хийж, дуртай зүйлээ авах мөнгөтэй болно гэх бодол давхар ажлаасаа ядарч болимоор болох үед хурцлах ташуур минь болж байлаа. Мөнгөний үнэ цэнийг хүн хөдөлмөрлөж мэдэрдгийг надтай адил Америкт ажиллаж амрахаар ирсэн гэх тодотголтой ихэнх оюутнууд сайн мэднэ. Бид бүгдийн Америк мөрөөдөл хүн бүрт адилгүй байсан байх. Америкт үзэж харах зүйл чамгүй их. Алдартай нэг хотоор аялаж зугаалах нь байтугай гаргасан зардлаа олоход ч ганц ажил хангалтгүй гэдгийг би ухаарсан бол Хятадаас ирсэн өрөөний охины хувьд давхар ажил хийж өөрийгөө зовоох нь энд ирсний зорилго биш гэдэг байлаа. Ганц ажлын цалингаараа хэрэглээндээ зарцуулж дуусгасан охины хувьд өөрийн Америк амьдралыг мэдрэхэд хангалттай байсан эсэхийг мэдэхгүй ч тэрхэн хугацаанд эвтэй сайхан хамт амьдарсан.

Америкчуудийн дэндүү гэмээр элгэмсүү зан

Чикагогийн олон улсын нисэх буудлаас буух мөчид л америкчуудийн дэндүү гэмээр боловсон занг мэдэрч эхэлэнэ. Хувцасны дэлгүүр бүрийн бараа бичүүлэх хэсгийн наана ээмэг зүүлт өрсөн тавиур байдаг. Ихэнх нь адил зохион байгуулалттай. Дэлгүүрүүд нь авсаархан түрдэг сагстай. Авсан бараагаа бичүүлэхээс өмнө нүдэндээ туссан гоёл чимэглэлээ зүүн сонирхон зогсож байтал дэргэдүүр төө хэртэй өнгөрөхөд хангалттай зай байтал Америк залуу уучлаарай хатагтай гэж зөрөх гэж буйгаа анхааруулж байхыг анх сонсоод дэндүү боловсон улс юм даа гэж бодогдож байсан нь саяхан. Хэрвээ нутагтаа Америкчуудтай адил байвал хэн нэгэн “зөрөөд өнгөрөөч юун сүртэй юм бэ, явах замыг чинь хаачихаа юу” гэх байх даа гэж эрхгүй бодогдсон. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр ийм соёлтой газар ирсэн хүн өөрөө ч мөн үүнд суралцаж байнга “уучлаарай” гэх үгийг яг л амны уншлага мэт хэлээд дадчихана. Америк хүний дотно элгэмсүү чанарыг сэтгэлд минь үлдтэл мэдрүүлж дурдатгалд минь мөнхөрсөн эмэгтэйг Ларен гэдэг. Цаанаа л нэг нүдэнд дулаахан, ямагт мишээж явах энэхүү эмэгтэй Хаявадагаас Воолмарт хоорондын чиглэлийн автобусны жолооч хийдэг. Нэг удаа ханиад минь хүндрээд ойр ойрхон бүгшүүлж ханиалгах үед өөрийн хэрэглэдэг эмнийхээ нэрийг бичиж өгсөнөө үүнийг заавал авч уугаарай бүр хүндэрвэл хэцүү шүү. Эмчийн зааваргүй аваад ууж болно гээд дээр нь хоёр уут дүүрэн үсний шампунь, ангижруулагчаас авхуулаад хэрэгцээнд шаардлагатай зүйлсийг маань бэлэглэж байсан. Үүнийг өгөх гэж удлаа чамайг хэзээ дэлгүүр явж хүнсээ цуглуулах юм бол гэж харж байсан гэлээ. Яагаад ингэснийг нь асуухад хүнсээ авах болгондоо авсан жигнэмэг зэрэг амттай зүйлээрээ дайлдаг хамгийн эелдэг зантай үйлчлүүлэгч минь учраас гэж хариулсан юм. Ларений өгсөн ахуйн барааг яван явталаа хэрэглэж үлдсэн хэдийг нь чемодандаа хийгээд авчирсан даа. Тэр эмэгтэй Америкт байх хугацаанд учирсан олон элгэсэг хүмүүс дундаас хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй. Бусад олон хүн хуурмаг элгэмсэг зантай байдаг бол тэр тийм байгаагүй.

Хүний газар эх орны үнэ цэнийг ухаарна

Миний амьдарсан хот Висконсин муж дахь аялал жуулчлалаараа алдартай хотын нэг. Висконсин Деллс хот 2800 байнгын оршин суугчтай. Гэр бүлээрээ амарч зугаалахад тохиромжтой уг хот нь хүн амынхаа тоогоор манайхаар бол сумын төв гэж ойлгож болно. Учир нь уг хотод ганц том шоппинг хийх “аутлет молл” буюу олон хувцасны дэлгүүр нэг давхар задгай дээвэртэй цогцолборт байрласан байдаг. Воолмартаас өөр том сүлжээ дэлгүүргүй ч энэ хотыг дэлхийн усан паркны орон хэмээн өргөмжилдөг. Усан паркаас гадна жуулчдын сэтгэл татахаар цогцлоон бүтээсэн байгууламжууд, зугаа цэнгээний казиног үзэхээр жил бүр дөрвөн сая жуулчин зочилдог. Амарч зугаалахаар ирсэн хүнд үзэх юм ихтэй хэдий ч J1 оюутнуудын хувьд амралтгүй ажиллахын хажуугаар энэ бүгдийг үзэхэд даанч цаг хугацаа хангалтгүй. Нийтийн тээвэр Америкт их ховор. Солилцооны оюутнууд л хоёр зээрдээрээ явган явахаас биш энгийн Америк хүн өнгөрч байхыг тэр бүр харахгүй. Машингүй амьдрал хязгаарлагдмал хүрээнд л өнгөрнө. Ихэнх мужийн хуулинд зааснаар арван зургаа хүрсэн иргэн машин барих эрхтэй болдог учир ахлах сургуулийн сурагчид үнэтэй машинаар сүнгнүүлэн зөрөх нь олон. Удаан хугацаанд сууршихаар очиж буй хүнд унааны хэрэгцээ их гарах учир хурдан өөрийн машинтай болох хэрэгтэй. Хэдий унааны хүндрэл их байсан ч өглөө бүр ажлын ойролцоох халиурсан тариан талбай, том гольфийн цогцолборын дэргэдүүр өнгөрөхөд гэнэтийн учралаар дүүрэн байдагсан. Нар ээсэн нэг сайхан өглөө томоохон амралтын байгууламжийн дэргэдүүр алхаж явтал эх гөрөөс, хоёр зулзагатайгаа зүлгэн дээр идээшиж байхад нь таарсан ч зургийн авч даанч амжаагүй. Намрыг санагдуулам өвсний хадлан рестораны маань арын хаалгаар гарахад цэлийж харагддаг. Ачаалал их өдөр арван минутын завсарлагааныхаа цагаар суух ч ширээгүй болох үед бид цементэн дээр суучихаад өвс хадахыг ажиглана. Зарим ажилтнууд тамхи татах гэж гарцгаах бол би наранд суунгаа байгалийн сайхныг ажиглах дуртай байв. Тариалангийн талбай надад монголын хөдөө нутгийг санагдуулж хүний нутагт эх орныхоо нэрийг ямагт эрхэмлэж байх хэрэгтэйг сануулах мэт…

Филлипин найзууд маань ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандана. Тэдний хүмүүжил хариуцлагатай зан чанар хаана ч үнэлэгдэж дарга нар маань ч тэдэнтэй адил ажиллаж тэднээс суралц гэж хэлнэ. Юу ч хийсэн тэд тултал нь төгс гүйцэтгэх бөгөөд энэ зан чанар нь нойлын султуурыг гялалцтал зүлгэн цэвэрлэхэд ч ажиглагдана. Хамт ажилласан хүн бүр тэдний эелдэг зөөлөн хөдөлмөрч занг шагшин гайхдаг. Филлипинчүүд ясны л хөдөлмөрч, шударга улс байх гэх бодол ч надад төрсөн. Харин надтай цуг нэг дор ажилахаар ирсэн хоёр охин зугаацан цэнгэх дуртай. Хар жаахнаараа дөл цохичихсон, буруу замаар будаа тээхдээ амархан гэж настай хүмүүс тодотгон хэлдэг шиг. Ажилаа хэл сураггүй таслах, цагаа баримтлахгүй хоцрох зэрэг ямар ч ажилд шаардагдах хариуцлагагыг удаа дараа алдаж дарга нартай ч эв түнжин муудав. Энэ мэтээр ажилласан нэр зүүх төдий болж байгаад буцсан даа. Гэтэл энэ бүрийн ард нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино хэмээдэгчлэн монголчууд гэж хариуцлагагүй, хуурч мэхлэх нь олон гэх сэтгэгдэл үлдсэн нь даамжиггүй. Найз хоёр охины нэг нь хоцроод ирээгүй байхад өмнөөс нь цагийг нь бүртгэсэн хэрэг гарч хамт хөөхдөх дээрээ тулсан. Ажилласан цаг бүр доллар учир зааварлагчид цаг бүртгэлийг нарийн шалгана. Энэ мэт муу нэр зүүх үйлдлийг хүний нутагт гаргахгүй байх нь чухал. Муу тодотгол арилах нь удаан тул хар бор ямар ч ажил хийсэн улс эх орны нэр чамтай хамт явж буйг санах хэрэгтэй.

Ирсэн гийчин буцах ёстой

Хилийн гаалиар арван хурууныхаа хээг уншуулан, буцах штамб даруулах өдөр ойртсоор. Гэртээ хурдан очимоор үе байсан ч буцах үе ойртох тусам цэвэр сайхан орчинг орхино гэхээр нэг л гунигтай атал төрсөн гэрээ сангалзах сэтгэл түүнээс ч хүчтэй. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь сайхан гэх үг юутай үнэн. Гурван сар идсэн түргэн хоол хоолоогоор давахаа больж сүүлдээ огиудас хүрэх болов. Ээжийнхээ гарын хоолыг тэр тусмаа гурилтай шөлийг нь иднэ гэдэг ямар ч хоолноос илүү амттай мэт. Ингээд тэр өдөр ирэв. Хилийн шалгалтаар орохдоо заавалчгүй гутлаа тайлж орно. Америкаас гарах шалгалт илүү нарийн санагдав. Лаборторт орохоосоо өмнө сормуусны тоос нянг устгадаг төхөөрөмжөөр ордог үзэгдэл шинжлэх ухааны кино нь дээр гардагтай адил зүйлээр бүтэн биеэрээ нэг төхөөрөмжид орж зогсоод үлээлгэнэ. Дүү нартаа өгөхөөр барьж явсан чихэрийг бодистой хөвөнгөөр арчин шалгаж байсан хянагч ийм их чихэр чамд ихдэхгүй юу хэмээн ёжлоход хүүхдэд өгөхөөр авч яваагаа хэлэв. Тэрхэн хугацаанд хураачих юм биш биз гэх муу бодол зурсхийв. Гэтэл би ч гэсэн Канадад байдаг хамаатан садныдаа очихоороо хүүхдүүдэд нь Америк чихэр олныг барьж очдог гээд өнгөрөв. Сүүлийн удаа Америк хүний эелдэг боловсон занг мэдэрсэн нь Чикагогийн олон улсын нисэх буудал байлаа. Өнгөрсөн гурван сарийн хугацаанд гэр минь болж олон орны хүнтэй нөхөрлөж дэлхийг томоор харах эхлэл минь болсон Америк орон тэртээд үлдсэн дээ.

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet