Олон хавар нэгэндээ

Sanaa Lkhagva
3 min readMay 19, 2019

--

Бүрхэг бүүдгэр, цэлмэг гээд тэнгэрийн өнгө олон янз атал хүмүүс яагаад тэнгэрлэг бай гэж ярьдаг юм бол?

Өнгөрсөн явдлаа нэхэн санах бүрийд өөртөө уур хүрэх юм. Яг одооны үлбэгэр, үхээнц, бөмбөг шиг л хаа шидсэн зүгтээ үсэрч, ойх утгагүй байдлаасаа (намаг балчигаасаа ) ангижрахыг хичээхгүй явсаар л байх уу? гэж бодоход дотор бачуурахаас цаашгүй. Өнөө л нэг хариуцлагагүй, тууштай биш, уйдамтгай зан минь байсаар л байх юм. Шүдээ зууж, хамаг муу үгийг урсгаж байгаад ч болтугай эцсийг нь үзтэл гүрийж хийсэн ажил гэвэл тун цөөн. Гэтэл амьдрал гэдэг дандаа бидний хүслээр байх биш. Дургүй хүрч, больчихмоор санагдах ч аргагүй эрхэнд нөгөө л нэг уйтгарт ажил үүргээ гүйцэтгэхээс өөр замгүй. “Надад оногдсон үүрэг мөнхөд ямар үргэлжлэх биш дээ” гэж бодон сэтгэлээ аргацаана. Ингэж бодох бүрийд өнөө л нэг “энэ л хэвээр өдөр хоног үргэлжлээд байвал таван жилийн дараа ч мөн яг л байдгаараа байвал яана” гэх сэтгэл уймруулах бодол орж ирнэ.

Өнгрөснөө бодоход хааяа ингэдэг шүү

Олон зүйл рүү үсчиж байхаар нэг зүйлдээ л анхаарах хэрэгтэй ч юм шиг. Гэтэл үеийн хүмүүс олон ажлыг нэг зэрэг амжилттай амжуулаад яваад байхад “би яагаад чадахгүй гэж? би юугаараа дутах вэ?” гэх өөрийгөө чамлах сэтгэл төрнө. Мэдэхгүй ээ, мэдэхгүй толгой дотор өчнөөн зүйл бодогдох юм. Хүн “дуртай зүйлээ хийж байж л амжилттай явна” гэдэг ч ямар ч ажил хийсэн бидний дургүйг хүргэж, хамаг “нерв” барах бэрхшээл заавалчгүй гарч ирдэг. Тэр бүрт “дургүй хүрээд байна, уур цухал барсан ажил хийж байхаар дуртай зүйлээ л хийе” хэмээн амжилттай яваа хүмүүс орхиод, шантраагүй л байх. “20 наснаас эмэгтэй хүний амьдрал эхэлдэг” гэх номыг 12-той байхдаа уншчихаад хорь хүрэхдээ би бусдаас илүү ухаалаг, зөв амьдрана даа гэж боддог байсан ч хорин насны босго хүрчихээд би бусдаас илүү гарах нь байтугай ард нь яваад байгаадаа л уур хүрээд байх болжээ. Өөрийнхөө байгаа байдлыг сайтар эргэцүүлээд, алдаа дутагдлаа засах дорвитой алхам хийхгүй бол “олон хавар нэгэндээ” гэгчээр аюул болсон хойно нь халаглаад халаглаад, толгойгоороо хана мөргөсөн ч бүх зүйл нэгэнт өнгөрсөн байх биз ээ. Хүн бүрийн амьдралд “Эргэлтийн цэг” буюу “Turning point” тохиолдохгүй байх. Нэг шөнийн дотор л хүн эрс өөрчлөгдөхгүй болохоор бага багаар улам илүү хариуцлагтай, тууштай, бүтээлч байхыг өдөр бүрийн хийж буй жижиг зүйлээрээ харуулах нь амьдралын томоохон эргэлтийн он жил болно.

“Хүн бүр өөрчлөгддөг. Нэг л хэвэндээ байна гэж юу байхав”

Магадгүй олон хоног өөрийнхөө өнгөрснийг, алдаа дутагдлаа бодож, өөртөө уур хүрч байгаа минь миний ирээдүйн эргэлтийн эхлэл байх. Өөрийгөө чамлах нь зөв ч тэрэндээ бухимдаж, сэтгэлээр уналгүй харин дутагдлаа ойлгосон бол өөрийгөө өнөөдрөөс өөрчлөөрэй. Оройтоогүй байхдаа чи ойлгосон шүү. Хамгийн хэрэгтэй, хамгийн чухал гэсэндээ л анхаарч, тэр зүйлээ сайн хийх нь зөв юм байна гэж би шийдсэн. Эргэлзэж тээнгэлзэлгүй, өнгөрсөн болон одоогийн үеэ хэт их бодолгүй чухал зүйлдээ гурван сар сайн хичээе.

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet