Тэрсүүд гүнж Маргарет
Английн хаадын удмаас хамгийн олон жил төр барьсан хатан хаан Элизабетийн тухай бид андахгүй мэднэ. Хаан ширээ барьсан нийт он жилээрээ түүхэн дэх хамгийн удаан төр барьсан зургаа дахь хүн гээд олон тодотголтой. Виктория хатны амжилтыг эвдэж нийт 67 жил хатны сэнтийд сууж буй энэ түүхэн эмэгтэйн алдар нэрэнд дарагдаж, муугаар яригдаж явсан түүний төрсөн дүү Маргарет гүнжийн талаар бид төдийлөн мэддэггүй нь харамсалтай. Олон жилийн туршид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хаадын удмын зугаа цэнгэл хөөгч, болчимгүй гүнж гэх тодотголтой явсан Маргарет гүнж хорт зуршилтай нэгэн байжээ. Архаг тамхичин, үдийн нар тэгшрээгүй байхад л архи уух зуршилтай байсан гээд тэр эгчээсээ ондоо байсан. Бидний хэлдэгээр айлын хүүхдээс нэг нь муу явж, хамаг муу муухайг нь үүрдэг гэдэгчлэн Маргарет гүнж гэр бүлийнхээ бүх лай ланчин, хэл амны байг үүрч дээ гэлтэй.
50–60аад оны үед эгчээсээ ч илүү зартай байсан Маргарет гүнж 1930 оны наймдугаар сарын 20-нд Йоркийн гүн VI Жоржийн бага охин болон мэндэлжээ. 1936 он түүнийг зургаа настай байхад хаан ширээнд суугаад 11 сар болж байсан нагац ах VIII Едвард албан ёсоор хаан ширээнээсээ татгалзаж буйгаа зарласан анхны хүн болов. Энэ үе хүртэлх түүний хүүхэд нас ихэнх хүүхдийн адил өнгөрчээ. Анхнаасаа л хаан болох ямар ч бодолгүй байсан Йоркийн гүнд ахынх нь гэнэтийн шийдвэр ихэд хүнд тусж, хэсэгтээ л түүнийг самгардуулж орхижээ. Буцах зам, өөр сонголтгүй болсон Йоркын гүн VI Жорж аргагүй эрхэнд Английн дараагийн хаан болов. Түүний ах VIII Едвард хаанд төрсөн үр хүүхэд гэж байгаагүй, мөн өөрөө ч угсаа залгамжлах хүүгүй учир өөрийн залгамжлагчаар ууган охин Элизабетийг бага залуу байхад нь тодруулжээ. Намтар судлаачдийн бичсэнээр Элизабет хүүхэд ахуй цагтаа аав, ээжийнхээ бахархал, дараагийн хаан ширээг залгамжлагч байсан бол харин Маргарет аавынхаа хувьд ганц баяр баясал, амьдралын утга учир нь болсон айлын отгон хүүхэд байсан гэж үздэг. Магадгүй хаан ширээ залгамжлах хүн гээд бүгд л Элизабетийг илүү анхаарч, байнга хяналт тавьдагаас болж Маргарет илүү эрх дураараа, өөрийн дур хүслээр амьдрагч нэгэн болж өссөн байж болох. Тухайлбал, Элизабетад түүхийн нүсэр хичээлийг бага байх үеэс нь судлуулдаг байхад Маргарет хүссэнээ хийх боломжтой байсан гэж бодохоор аргагүй юм. Ямартаа ч VI Жорж хааны хоёр охиныг бага байх үеэс олон нийтийн анхаарал төвлөрөх болов. Олон нийтэд тэрслүүд гүнж гэж мөнхөрсөн Маргарет бага байхаасаа л цовоо, сэргэлэн зантай байсан ч сэтгэлийн хэт их хэлбэлзэлтэй, дуулгаваргүй охин болон хүмүүжив. Залуу хүн болсон хойно Лондонгийн нэгэн шөнийн цэнгээний газарт явсан зургийг нь шар хэвлэлүүд нийтэлж, ам уралдан бичиж эхэлжээ. Яваандаа алдаа бүрийг нь шар хэвлэлүүд өлгөн авч, түүнийг хов живний гол сэдвээ болгон давшиж гарчээ. Маргаретийг үргэлж л буруу үндэснээс урган нахайлсан мэт үзэж, шар хэвлэлүүдэд хамаг муу талыг нь онцлон дурдаад байхаар бүүр ч дордсон байх. Тэрээр “эгч бид хоёрыг бага байх үеэс л эгч хамаг сайн тодотголыг зүүх нэгэн болж, харин хэвлэлүүд намайг засаршгүй эвдэрсэн хүн адил ханддаг байсан” хэмээн хожим дурсжээ.
1952 онд VI Жорж хааныг насан эцэслэхэд Маргарет хамгийн ихээр гашууджээ. Удалгүй Элизабет хатан хаанаар өргөмжлөгдөж, цаг завгүй амьдралтай болоход Маргаретийн зүрх сэтгэлийг уй гуниг аалзны тор адил бүрхэн авч байжээ гэж тодорхойлж болмоор. Яг тэр үед түүнийг сэтгэлээр нь дэмжиж, хажууд нь байсан хүн бол аавынх нь хувийн туслах, хамгаалагч байсан ахмад Петр Товнсэнд юм.
Тухайн үед 22-той байсан Маргарет өөрөөсөө 16 насаар ах хүнтэй гэрлэхийг туйлаас хүсч байжээ. Гэхдээ тэдний насны зааг гэрлэхэд тийм ч саад болохооргүй байсан ч Товнсенд өмнө салсан гэх тодотголоос болоод хос хоёрын дурлал бүтэшгүй зүйл болов. Хамгийн хачирхалтай нь түүний нагац ах VIII Едвард хаан ширээнээс татгалзах болсон шалтгаан нь түүний сэтгэлт бүсгүйтэйн хобоотой байсан. Түүний дурлалт бүсгүй өмнө нь гэрлэлтээ цуцлуулчихсан, бас албан ёсоор хоёр дахь нөхрөөсөө салаагүй Америк бүсгүй байсан ч бүх зүйлээ орхиод өөрийн болгосон шүү дээ. Түүнээс хойш Чарльз, Камилла хоёр, Меган Маркл ба хунтайж Харри хоёр ч эхнэр, нөхөр болсон. Тухайн үед Маргаретийн гаргах золиос нь хайр сэтгэлээс нь их байснаас гадна тэрээр хэт хөнгөн хандахаас болгоомжилсон байж магадгүй. Гэхдээ тэдний харилцааг олон нийт дэмжиж байсныг хэлэх хэрэгтэй байх. 1955 онд тэрээр амьдралдаа гаргасан хамгийн хэцүү сонголт болох хайртай хүнээсээ салахаар эрс шийдэж, үүнээс таван жилийн дараа нөхөрт гарчээ. Түүний гэрлэлтийн ёслол хаадын хуримыг телевизээр цацсан анхны тохиолдол хэмээн дурсагдах болов.
Гэрэл зурагчин Антон Армстронг-Жонстой хийсэн гэрлэлт нь аз жаргалгүй, асуудлаар дүүрэн байсан ч хосууд хоёр хүүхдийн эцэг, эх болсон юм. Антон гэртээ байхаасаа илүү ажлын томилолт нэрийдлээр гадагшаа байнга явдаг, дээрээс нь эхнэртээ үнэнч бус, бүдүүлэг зан авиртай нэгэн байж. Тэр бүрд нь Маргарет өөрийн эдлэндээ байнга үдэшлэг, цэнгүүн зохиох болж, яг адил үйлдлийг хийнэ. Түүнийг Мик Жаггер, Петр Селлертэй амрагийн холбоотой хэмээн цуурхаж байжээ. Арван найман жилийн турш эхнэр, нөхөр гэж хэлэгдэж явсан харилцаа 1978 онд албан ёсоор дуусгавар болсон нь Английн хаадын түүхэнд 16-р зуунаас хойш гарсан анхны салалт юм. Нас ахих тусам Маргаретийн хошин шогч зан нь арилж, түргэн уурладаг болжээ. Амьд ахуй цагтаа олон алдартнуудтай эв, түнжин муудалцаж явсны нэг нь Диана гүнж юм. Олон арван жилийн тамхи таталт, архидалтаас болж Маргаретийн эрүүл мэнд эгчээсээ түрүүлж доройтсон бөгөөд нас барахаасаа өмнө хэд хэдэн удаагийн цус харвалтаар тэргэнцэр дээр явах болжээ. Тэрээр 2002 онд 71 насандаа таалал төгссөн юм.
Нэг айлын хүүхэд бүр хоорондоо адилгүй зан чанартай байдаг. Магадгүй төрөлх зан чанараас болж хүмүүжил нэгтэй ч тэс ондоо хүмүүс болдог байх гэсэн дүгнэлтэд энэхүү түүхийг уншсан хүнд төрөх байх. Хэдийгээр энэхүү тэмдэглэлийг бичин, суугаа би бээр сэтгэл зүйн мэдлэг дутмаг ч хүүхэд бүрийг ижил хүмүүжлээр өсгөх боломжгүй гэдэгт итгэдэг. Тухайн хүүхдийн төрөлх зан чанар, хүсэл эрмэлзлийг сайн мэдэж авсныхаа дараа түүнд нь тохируулж сурган хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу. Маргарет өөрийн анхны хайрттайгаа гэрлэсэн бол өдийд түүний амьдралын түүх өөр байх байсан байж магадгүй. Амьдрал гэж урьдаас тааварламааргүй, оньсого шүү дээ.
P.S: (Английн хаадын амьдрал, үе үеийн түүхийг харуулсан олон кино бий. Яг энэ цаг үеийнх гэвэл Хааны айлтгал-King’s speech, бодит хайрын түүхийг өгүүлэх WE-Wallace and Edward* мөн Netflix-ийн цуврал Crown киног үзээрэй).